“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн хагас шигшээ барилдаанууд боллоо.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Сассари, Александр Медведь, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хоёр жил дараалан дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ.

Тэрээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс хоёр болон түүнээс дээш медаль хүртсэн 17 дахь, эмэгтэйчүүдээс дөрөв дэх тамирчин болж байна.

Харин маргааш эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг нарыг ялсан бөхүүд шигшээд шалгарснаар дагаж барилдахаар боллоо. Мөн 62 кг-д ОУХМ Э.Гантуяаг ялсан БНАСАУ-ын Рим Жон Сим хагас шигшээд ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлж байна.