Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Мөн өнөөдөр Улсын дээд шүүх Ард түмний олонхийн засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай, Ард түмний намын нэр өөрчилснийг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус хэлэлцээд Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Улсын дээд шүүх долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 12-нд Зүй Ёс намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Насанбилэг нарын хүсэлтийг хэлэлцээд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн билээ. Зүй Ёс нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 35 дахь нам болоод байгаа юм.