Жил бүрийн есдүгээр сарын 29-нийг “Зүрхний өдөр” хэмээн дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг уламжлалтай билээ. Монголд төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Өнөөдөр дэлхий дээр зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Харин Монголд энэ тоо 5500. Хүн амын дунд тогтмол эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдах нь харьцангуй бага төдийгүй өвчний үндсэн шалтгаан болсон архи, тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаад асуудлын гол оршиж буй юм. Иймээс хүн бүр өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг хорт зуршлуудаас татгалзаж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтын зарчмыг эрхэмлэж, амьдралын аж төрөх зөв хэмнэлийг сонгосноор эрсдэлт өвчлөлүүдээс өөрсдийгөө сэргийлэх боломжтой гэдгийг сануулах байна.