Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангах чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК нь өнөөдрийн байдлаар 5 шугамаар хоногт 2.000 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, савалгаа, дахин боловсруулах туршилт судалгааны цех, үйлдвэрлэлийн шугам горимын дагуу хэвийн ажиллаж байна. Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь хүртэл буурна гэж үзэж байгаа. БНСУ-ын лаборатори тус компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг батлажээ. Ажилчдын ажиллах орчныг сайжруулах, тоосжилтыг багасгах зорилгоор компанийн инженерүүд тоос сорох, агаар чийгшүүлэх төхөөрөмжийг ойрын үед ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тус компанийн ажилтай танилцахдаа,“Түлшний нөөцийг бид хангалттай бэлдсэн. Өдөрт 2000 тонныг үйлдвэрлэж байна. Сард 60 мянган тонныг хамгийн багаар нийлүүлэхээр төлөвлөсөн байгаа. Улаанбаатар хотод 500-гаад цэгээр борлуулалт хийнэ. Яг одоо 400-гаад цэгт борлуулалт эхэлчихсэн байгаа. Гэхдээ өнөөдөртөө хязгаарлалттай өгч байна. Ирэх долоо хоногоос бид картаар ачина. Ингэхгүй бол орон нутгийнхан ачиж авч явах гээд байна. Бид зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түлш бэлдсэн байгаа шүү дээ. 10 сараас жигдрээд худалдан авахад асуудалгүйгээр зохион байгуулсан. 10 сар гэхэд 100 гаран мянган тонн түлшийг хэрэглэгчидэд борлуулалт хийхээр төлөвлөчихсөн байгаа” гэж ярилаа.