Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан аки башё их аваргуудгүйгээр үргэлжилж байна. Өнөөдөр буюу 12 дахь өдрийн барилдааны өмнөх байдлаар башёг 9 даваа хоёр унаатай баруун жигүүрийн сэкивакэ Такакэйшо, баруун жигүүрийн маэгаширагийн 10 дахь бөх Мэйсэй нар хошуучилж, найман даваа, гурван унаатай зүүн жигүүрийн сэкивакэ Митакэүми, баруун жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Асанояма, зүүн жигүүрийн маэгаширагийн наймаас босч буй Окиноуми, баруун жигүүрийн наймдахь бөх Такарафүжи, зүүн жигүүрийн маэгаширагийн 14 дэх бөх Цугаришо нар араас нь нэхэж байна. Ийнхүү аваргууд өнжсөн аки башёг өндөр цолгүй бөгөөд маэгаширагийн доод хэсэгт бичигдсэн бөх хошуучилж байна.

Өчигдөр Дайшохо Ч.Шижирбаяр өвдөг шороодсоноор гурван даваа, найман унаатай болж, 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болжээ. Харин Азумару С.Тодбилэг, Тамаваши Б.Мөнх-Оргил нар  учраануудаа давснаар  хэн хэн нь зургаан даваа, таван унаатай болжээ.