Улаанбаатарын номын сангуудтай танилцья

Уншигчид хэрэгцээтэй ном, товхимлоо номын дэлгүүрээс хялбархан олдог болсон ч үнэ, хэрэглэх шаардлага зэргээс хамааран худалдан авахаас татгалзах тохиолдол бий. Тиймээс номын санг сонгон үйлчлүүлж оюуны цангаагаа тайлах хэрэг гардаг.

Манай улсад өнөөдрийн байдлаар 1509 номын сан үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, нийтийн номын сан 362,  их, дээд сургуулийн номын сан 101, Ерөнхий боловсролын сургуулийн номын сан 817,  МСҮТ-ийн номын сан 54, албан байгууллагын дэргэдэх номын сан 120, эрдэм шинжилгээний номын сан 44 болон бусад номын сангууд багтдаг аж. 

Монголын үндэсний номын сан

Монголын үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар Төв номын сан нь 1921 онд байгуулагдсан монголын ууган номын сан юм. Сан хөмрөгтөө гурван сая гаруй номтой. Үүний нэг сая 500 орчим нь үнэт ховор номд багтдаг. Монголын хамгийн том, баялаг номын сан. Сонирхуулахад, зөвхөн Монгол номын фонд одоогоор кирилл бичгийн 150 мянга орчим ном, монгол бичгийн 8000 орчим,  Өвөр монгол 4000 орчим ном хадгалагдаж байгаа. 

Уншлагын таван танхим болон үнэт ховор номын музейтэй. Нэг дор 300 гаруй уншигчдад үйлчлэх хүчин чадалтай. 18-аас дээш насны иргэдэд үйлчилдэг. 

Гэрээр ном олгодоггүй. Уншигчийн картыг 6000 төгрөгөөр нээлгэнэ. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. 

 Их уншлагын танимд:

* Иргэний үнэмлэх

* Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх /ажилтан, албан хаагч/

* Оюутны үнэмлэх /Их, дээд сургуулийн оюутан/

* Хувиараа ажил эрхэлдэг болон тодорхой ажил эрхлээгүй хүмүүс Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, лавлагаа

* 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /Одоогийн/

* Үнэмлэхний нээлтийн үнэ – 6000 төгрөг

Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимд:

* Хүчин төгөлдөр ажлын үнэмлэх

* Магистрын дипломны хуулбар

* 3х4 хэмжээтэй цээж зураг 1 хувь /Одоогийн/

* Үнэмлэх нээлтийн үнэ 6000 төгрөг

Өвөл, зуны цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилдэг. Одоо зуны цагийн хуваариар ажиллаж байгаа бөгөөд ажлын таван өдөр өглөө 09:00-17:00 цагийн хооронд ажиллан амралтын өдрүүдэд амардаг. Өвлийн цагийн хуваариар ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд ажилладаг.

МУИС-ийн номын сан

Монгол Улсын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баяраар буюу 2017 онд МУИС нь шинэ номын санг нээсэн. 

Номын сангийн шинэ барилгын В1 давхарт номын фонд, архив, 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох үйлчилгээ, сонин сэтгүүлийн уншлагын танхим болон музей, номын дэлгүүр, 2-4 давхарт уншлагын танхим, номзүй, ном бүрдүүлэлт, катологийн өрөө, лекцийн танхим,  5-6 давхарт судалгааны лабораториуд, хурлын танхим тус тус байрлаж байна. Танхим бүрийн тохижилт өөр өөр загвар, өвөрмөц хэв маягтай. Байгалийн болон Нийгмийн шинжлэх ухааны төрөлжсөн уншлагын танхим, багш, судлаачдын уншлагын танхим, болон багаар ажиллах өрөөнүүдтэй. Номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудалтайгаас гадна оюутнууд суух чөлөөт орчин, тохь тухтай зай талбайг бүрдүүлсэн юм.

Номын сан 360 гаруй мянган хэвлэмэл болон цахим ном, сонин, сэтгүүлийн сан хөмрөгтэй. 1000 орчим CD, зохиогчийн эрхтэй 20 гаруй цахим ном, 2000 орчим магистрын ажил, ОУ-ын 16 онлайн мэдээллийн санг ашиглах боломжтой цахим уншлагын танхимтай. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн тохижилттой “Ном сэргээн засварлах лаборатори” ажиллана. МУИС-ийн багш, ажилтан, оюутнууд номын сангаар үйлчлүүлэх буюу цахим ном унших боломжтой юм.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

Хотын төв номын сан саяхан олон улсад ашигладаг “Коха” программыг үйлчилгээндээ нэвтрүүлж, үйлчлүүлэгч нэг картаараа төв болон салбар номын сангуудаар давхар үйлчлүүлэх боломжтой болсон.

Нийслэлийн номын сан нь төв номын сангаас гадна Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн салбартай. Цахим уншлага, тогтмол хэвлэл, эко уншлага, уран зохиол, гүн ухаан, хэл шинжлэлийн “А” танхим, нийгэм түүх,  техник, боловсрол судлалын “Б” танхим, “Хүүхдийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим”,  “Америкийн соёл мэдээллийн төв” зэрэг танхимуудаар уншигчдад үйлчилдэг. 2015 оноос хувийн номтой орж суудаг 24 хүний суудалтай танхим нээж ажиллуулж байгаа ажээ.

500 мянга гаруй номтой бөгөөд жилд давхардсан тоогоор 60 мянга гаруй уншигчид үйлчилдэг. Төв салбар нэг дор 310-350, бусад салбар 150 хүртэлх хүнд зэрэг үйлчилнэ.

Тус номын сангийн уншигчийн картыг хүүхэд 3000, том хүн 5000 төгрөгөөр нээлгэх боломжтой.

Шинээр бүртгүүлэх:

Насанд хүрэгсэд /16-55нас/ – 5000₮

Ажилчин: Иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх  /байхгүй бол ажлын тодорхойлолт эсвэл нийслэлд түр оршин суугч хорооны тодорхойлолт/
Оюутан: Иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх  /байхгүй бол сургуулийн тодорхойлолт/
Сурагч/16 нас/: Иргэний үнэмлэх, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/

Ахмад /56-с дээш нас/- 2000 төгрөг иргэний үнэмлэх
Хүүхэд /1-15нас/- 3000төгрөг төрсний гэрчилгээ, сурагчийн үнэмлэх /байхгүй бол сургуулийн тодорхойлолт эсвэл эцэг эхийн аль нэгнийх нь иргэний унэмлэхний хуулбар/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн-2000₮: Иргэний үнэмлэх, группийн дэвтэр

Сунгалт хийлгэх: сунгалт хийлгэхдээ бичиг баримттай ирэх.

насанд хүрэгчид:                            5000 төгрөг /16-55 нас /
сурагч:                                             3000 төгрөг /1-15 нас/
ахмад:                                              2000 төгрөг /56-аас дээш/
хөгжлийн бэрхшээлтэй иргэн:        2000 төгрөг

Хүүхдийн төв номын сан

Хүүхдийн төв номын сан нь Сүхбаатарын талбай, Амарын гудамж, Соёлын төв өргөөний “Б” корпуст байрладаг. Хүүхдийн номын ордон нь орчин үеийн техник хэрэгсэл бүхий төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг загвар номын сан. Олон улсын хамтын ажиллагааны тусламж дэмжлэгтэйгээр дэлхийн номын сангуудын түвшинд ойртохуйц, хүүхэд залуусын хэлний боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан төрөлжсөн соёл мэдээллийн төвүүдтэй. Түүнчлэн ЕБС-ийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах төвтэй. Хүүхдийн төлөө байгууллага болон зохиолч уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.

Хүүхдийн төв номын сан нь хүүхэд, залуучуудад уншлагын 6 танхимаар Монгол, Орос, Англи, Герман, Хятад, Япон болон бусад хэлний 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй. Үүнд, 10 хүртэлх насны хүүхдийн “Их мэдэх”, 10-16 насны дунд ангийнханд зориулсан “Мөрөөдөл”, 16 ба түүнээс дээш насны оюутан, залууст зориулсан “Боловсрол хөгжил” уншлагын танхим, Герман, Өрнө,дахины, Дорно дахины гэсэн  уншлагын  танхим нийслэлийн алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулсан Зөөврийн номын сантай. 250 уншигчид зэрэг үйлчлэх боломжтой. 

Уншигчийн үнэмлэхийг хүүхэд 2000, оюутан 3000 төгрөгөөр нээлгэнэ.  

Уншигчийн үнэмлэх шинээр нээлгэхэд:

Хүүхдийн номын өргөө

Хүүхдийн номын өргөө нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд буюу Улсын их дэлгүүрийн баруун талд байрладаг. Тус номын сан нь 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бага ангийн (1-5 анги)  хүүхдүүдэд зориулсан танхим, дунд ангийн (6-9 анги) сурагчдад зориулсан танхим, ахлах ангийн (10-12 анги) сурагчдад зориулсан танхимтай.

Бага ангийн хүүхдүүдэд ном уншуулахаас гадна үндэсний тоглоом наадгай тоглуулдаг. Мөн кино цаг, зохиогчтой уулзах уулзалтыг тогтмол явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэн ажилладаг бөгөөд 250-300 сонсдог номтой. 

Ингээд Хүүхдийн номын өргөөний бага насны хүүхдийн уншлагын танхимыг онцолж байна. Энд бага насны хүүхэд ном уншихаас гадна шагай, шатар, оньс зэргээр тоглодог.

Уншигчийн үнэмлэх нээлгэхэд:

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан 08.30-17.30

Бямба 10:00-17:00

Нямд амарна.

Иргэний номын сан

Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, хүүхэд, багачуудад зориулан анхны жишиг Иргэний номын санг байгуулжээ. Хүүхдийн оюуны боловсролыг дэмжих ТББ болон Beyond Books төслийн багийнхан хамтран хэрэгжүүлж Голомт банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллан өнгөрсөн тавдугаар сард үүд хаалгаа нээсэн.

Энэхүү номын санд зөвхөн ном уншихаар үйл ажиллагаа нь хязгаарлагдахгүй хоёр уншлагын танхим мөн сургалтын танхим бүхий хоёр давхар цогцолбор юм. Өвөө, эмээ, аав, ээжүүд үр хүүхдээ дагуулж ирэн хүүхдээ номын сангаар үйлчлүүлж, сургалтад хамруулж өөрөө ч номын сангаар үйлчлүүлэх бүрэн боломжтой. Мөн иргэд өөрсдийн мэддэг зүйлээ бусдад зааж өгөхөд сургалтын танхим нь нээлттэй гэдгээрээ онцлог.

Одоогоор 2300 орчим номтой.

Тиймээс энэхүү номын санд 5000 орчим хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөн номын сангийн хөтөлбөрүүдээр дамжуулан хичээлийн хоцрогдлоо арилгах бүтээлч сэтгэлгээ, авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой.

Одоогоор уншигчийн карт нээдэггүй зориод ирсэн хэн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчилдэг.

Ажиллах цагийн хуваарь: Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гаригт 10:00-17:00 цагт ажилладаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)