2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын бэлэг тэмдгийг танилцуулах хурал Үндэсний өвлийн спортын төвийн хоккейн танхимд өчигдөр болжээ. Өвлийн олимпын “Бин Дүньдүнь” нэртэй пандагийн бэлэг тэмдэг, паралимпын “Шюэ Рүнрүн” хэмээх хүний дүрстэй дэнлүүн бэлгэдэл анх удаагаа олон нийтэд танилцуулагдаж буй нь энэ юм.

Олимпын бэлэг тэмдгийг хүлээн авах үйл ажиллагаа 84 хоног үргэлжилж, дэлхийн хэмжээнд 5816 төслийг хүлээн авсан бөгөөд төслөө өгсөн хүмүүсийн хамгийн ахмад нь 75, хамгийн бага нь 3 настай байжээ. Олон улсын Олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах танилцуулах хуралд хэлсэн үгэндээ "Бэлэг тэмдгийг анх хараад та нар надтай адилхан сэтгэл хөдөлнө гэдэгт итгэж байна" гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын бэлэг тэмдэг “Бин Дүньдүнь” Хятадын “Улсын эрдэнэ” гэгдсэн пандад шидэт хүчин бүхий мөсөн болорыг нөмрүүлж, өвлийн спорт, орчин үеийн технологийн онцлогийг харуулсан төдийгүй өвлийн спортын тамирчдын бие бялдар, эрэмгий зориг, хүмүүсийг тасралтгүй урагшлуулах олимпын үзэл санааг бэлгэдсэн байна. Харин паралимпын бэлэг тэмдэг “Шюэ Рүнрүн" дэнлүүний дүрснээс урган гарсан ажээ. Хятадын төлөөлөл болсон улаан дэнлүү элбэг ургац, баяр баясгалан, халуун дулаан, гэрэл гэгээг бэлгэдэж, 2022 оны Хятадын сар шинийн баярын уур амьсгалыг бүрдүүлж байна гэж санаачлагчид тайлбарлажээ. Түүнчлэн эв найрамдал, эр зоригийг төлөөлж, паралимпын тамирчдын уйгагүй тэмцэх үзэл санаа, дэлхийн хүмүүсийг урамшуулж буй паралимпын үзэл баримтлалыг уламжилжээ.

2022 оны өвлийн олимпын бэлэг тэмдгийн онцгой зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг ирэх аравдугаар сараас эхэлж худалдаанд гаргах юм байна.