ЦЕГ-ын Хар Тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд хар тамхитай тэмцэх чиглэлээр хийгдэх томоохон ажлууд болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Есдүгээр сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгджээ. 2018 оны есдүгээр сар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 62 хэргээр буюу 32.2 хувиар, холбогдогчдын тоо 72 хүнээр буюу 22.3 хувиар өссөн байна.
2019 онд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насныхан байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй байжээ. Ер нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын нас залуужиж байгаа.
2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8,7 хувь, 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.
Он гарсаар Франц, Их Британи, Нигер Турк, ХБНГУ, АНУ-ын иргэн 11 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.
Гэмт хэрэгт холбогдогсдын нийт 59 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Түүнчлэн 13 сурагч, 4 төрийн албан хаагч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэгт үйлдэгдэж байгаа хүрээллийг харахад 84 хувь нь найз нөхөд, танилын хүрээнд байгаа нь асуудал дагуулж байгаа.
Он гарсаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнээс олон улсын шуудан илгээмж ашиглан нэвтрүүлэхийг завдсан 11 хэрэг байна.
Хар тамхины хэрэглээг бүх түвшинд хязгаарлах хэрэгтэй” гэв.
Уриалга
Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88.0 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна.
Дэлхийн олон улсад ноцтой хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, хамт олон, хайртай дотнын хүн бүхэнд минь аюулын эрсдэл дагуулж байна.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор хөнөөлөөс улс үндэстэн, дотны хүн бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын төдийгүй иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм.
Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргаж байна.
Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотнынхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна.
Та бид хамтдаа “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлж чадна.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар