Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа эх орноо хүнсний эх орон болгох зорилт тавьж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр томилогдоод УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон. Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна. Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна Эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой” гэсэн юм. Хөдөө аж ахуйн салбараа дэмжиж эдийн засгаа солонгоруулах нь хамгийн чухал гэдгийг олон жилийн турш ярьж, бас хүсч ирсэн. Тиймээс Ерөнхий сайдын дээрх үг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст таалагдсан нь лавтай. Энэ бол бараг хоёр жилийн өмнөх үйл явдал. Түүнээс хойш Ерөнхий сайдын үг үйлдэл болсон байх учиртай. Гэвч одоогоор анх ярьж байсантай нь дүйх өөрчлөлт, шинэчлэлт хөдөө аж ахуйн салбарт гараагүй л байна. Тухайн үед олон нийт Атрын III аян шиг томоохон өөрчлөлтийг хөдөө аж ахуйн салбарт хийх нь гэж төсөөлж байсан болов уу. Харамсалтай нь хүлээлт талаар болж, эсрэгээрээ хүрээнийхэн махныхаа үнийг дийлэхээ болилоо. Улаанбаатар хотын иргэд нэг кг махаа 8-14 мянган төгрөгөөр авч байна.

ХХААХҮЯ-ны цахим хуудас дахь ханшийн мэдээлэл
Төр бизнестэй хутгалдах нь буруу гэж ярьдаг. Гэхдээ энэ нь бүх зүйлийг зөнд нь орхиж болно гэсэн үг биш. Махны үнэ яагаад нэмэгдэж байгааг тагнуулын байгууллагаар байнга хянуулах нь хаашаа юм. Бас “Махны үнэ тэнгэрт хадахгүй байхыг Ч.Улаан сайд та хар толгойгоороо хариуцна шүү” гэж хэлээд л болчих эд ч биш. Төрийн ямар нэгэн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Гэвч өнөөдөр махны үнийн өсөлтийн талаар ярьж байгаа хүн нэг ч алга. Олон нийт ч өнөө л хүлцэнгүй зангаараа орхичихлоо. Товчхондоо махны үнийн өсөлт мартагдсан сэдэв болов.
Уг нь мах нь бол айл өрхийн санхүүд бусад хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн их дарамт үзүүлж байгаа нь. Нэг кг махыг дунджаар 10 мянган төгрөгөөр авна гэдэг дундаж давхаргынханд дарамт. Ийм байтал Засгийн газар мах бус гурилын үнэд хамгийн их санаа зовж байгаа бололтой. Олон нийт гурилын үнэ нэмэгдэх вий гэхээс илүү махны үнэ буугаасай гэж хүсч байгаа. Гэтэл Ерөнхий сайд өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллахдаа гурилын үнэ нэмэгдэхээс сэргийлж улаанбуудайн тонн тутамд олгодог урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж 100 мянга болгоно гэдгээ мэдэгдлээ. Уг нь ингэх шаардлагагүй сүүлийн жилүүдэд гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангадаг болсон. Энэ жил л гэхэд улсын хэмжээнд 340 мянган га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Энэ бол өнгөрсөн жилийнхээс арай бага ч хангалттай дүн. Дотоодынхоо гурилын хэрэгцээг 100 хувь хангахад 320 мянган тонн улаанбуудай л шаардлагатай гэдэг юм билээ. Хураасан ургац нь багадвал гурилын импортыг багахан хэмжээгээр нэмж болно. Үнийн хувьд нэг их ялгаагүй. Харин импортоор хямдхан мах авна гэсэн ойлголт байхгүй.
Мөн монголчууд зөвхөн мах, гурил иддэг цаг аль хэдийнэ ард үлдсэн. Гурилын хэрэглээ буурч байхыг ч үгүйсгэхгүй. Харин мах бол монголчуудын хувьд байнгын хэрэглээ. Юун төлөө “махчин” монголчууд нэртэй билээ. Харин Засгийн газар монголчуудад махыг мартуулж, гурилаар “гулгиулахаар” шийдсэн бололтой.