“Токио-2020” зуны пара олимпийн наадамд оролцох шигшээ багаас З.Ганбаатар (буудлага), Э.Содномпилжээ (Пауэрлифтинг), Г.Болор-Эрдэнэ (таеквондо), Х.Энхтуяа (таеквондо), Ц.Цогтгэрэл (хөнгөн атлетик) нарын таван тамирчин эрх авч, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Паралимпийн тамирчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн параволейбол, 2018 онд парахөлбөмбөг, 2019 онд тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг хөгжүүлэх, парацаны тамирчдын амжилтыг ахиулахын тулд эдгээр спортын холбоодод төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн юм. Паралимпийн тамирчид маань олимпийн наадамд оролцох эрхээ нэмэгдүүлж, “Токио-2020” зуны пара олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах зорилго тавин бэлтгэл сургуулилалтаа хийж буй ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангиллын дагуу пара спортын холбоодод бэлтгэл, сургалтыг нь зохион байгуулж, тус холбоодын ажил үйлчилгээг нэгдсэн бодлогоор удирдан чиглүүлсний үр дүнд манай тамирчид “Гуанжоу-2010”, “Инчеон-2014”, “Жакарта-2018” зэрэг Азийн паралимпын наадмуудаас 3 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 21 медалийг аваад байна.