Банкуудын эрх ашгийг хөндөхгүйгээр зээлийн хүүнд хязгаар тогтооё

Энэ оны дундуур нэлээд эрчимтэй яригдсан ч батлагдаагүй “Зээлийн хүүгийн дээд хязга ар тогтоох тухай болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль”-ийг маш үр дүнтэйгээр батлах боломж байна. Ингэхдээ банкуудын эрх ашгийг хөндөхгүй, харин санхүүгийн зах зээлд бий болоод буй эмх замбараагүй байдлыг цэгцлэх юм.

Хууль журамыг байнга шинэчилж сайжруулах ёстойн нэг жишээ

20-иод жилийн өмнө радио телевизээр “60 000 төгрөгтэй хүнтэй хамтарч ажиллана, долоо хоногийн дараа хоёр дахин өсгөж өгнө” гэсэн зар их явдаг байсныг санах нэг нь санаж байгаа байх. Зард итгэж мөнгөө өгсөн хүн долоо хоногийн дараа ашгаа авах гэхэд нь анх өгсөн мөнгийг нь эргүүлж өгөөд “Хувь хүн мөнгө хүүлэх эрхгүй ээ хө” гэж хэлдэг энэ аргыг ашиглаж олон ч хүн хөл дээрээ боссон байх. Олон хүнээс 60, 60 мянгаар нь авч эргэлдүүлдэг байсан хэрэг л дээ. Сүүлд хувь хүмүүс хоорондоо зээл өгч, авалцах хууль эрхзүйн орчинг бүрдүүлснээр энэ асуудал цэгцэрсэн түүхтэй. Хувь хүмүүс хоорондоо зээл өгөлцөж авалцах нь тухайн үедээ үнэхээр л шаардлагатай хэрэгцээ мөн байсан юм. Харин одоо бол иргэдийг аргагүй байдлаар нь далимдуулж хүссэн нөхцөл, шаардлагаа тулган хүлээлгэдэг боолын нийгмийн тогтолцоо руу орчихсон байна. Үүний нэг жишээ бол жижиг худалдаа эрхлэгчид буюу дундаж давхарга руу орох гэж ядаж буй эмзэг хэсгийнхнийг онилж, шулж мөлждөг “Өдрийн зээл”-ийн үйлчилгээ юм. “Үйлчилгээ” гэх боловч үнэн хэрэгтээ бол хүнийг зарц боолоо болгодог луйврын схем гэж хэлж болно.

Өрийн дарамтад оруулдаг өдрийн зээлийг хориглоё

“Өдрийн зээл” нь сарын 20-30 хувийн хүүтэй. Зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан мөнгөө тодорхой хугацаанд хувааж, өдөр бүр хэсэгчлэн төлж барагдуулдаг. Зээлдэгч нэг сая төгрөгийг 30 хувийн хүүтэй зээллээ гэж бодъё. Ингэхэд 1 300 000 төгрөгийг сарын 25 хоногт хуваагаад өдрийн 52 мянган төгрөг төлөх ёстой болно. Зээлдэгч төлөлтөө тухайн өдөртөө багтааж /00:00 цагаас өмнө/ хийхгүй бол цаг тутам 7500 төгрөгийн торгуультай. 00:01 цагт шилжүүлсэн бол 7500 төгрөг, хоноод өглөө 09:59 цагт шилжүүлсэн бол 75 000 төгрөгийн торгуульд унана гэсэн үг юм. Дахин хэлэхэд, энэ бол хүнийг боол болгодог систем. Хүний наймаа, хар тамхитай зүйрлэхүйц балмад дээрэм юм. Төлбөрөө хугацаанд нь хийж чадалгүй алдангид орсноосоо болоод төлбөрийн чадваргүй болчихсон хүмүүсийг шүүхэд өгдөг. Шүүх дээр энэ төрлийн маргаан овоорч, шүүгч нарын ажлын ачааллыг нэмж байна. Тлөлт хоцроосон торгуулиас болоод 34 сая төгрөгийн зээлээ 120 сая төгрөг болгож буцааж төлсөн иргэнээс цагийн алданги гэж найман сая төрөг нэхэж шүүхэд хандсан жишээ ч байна. Энэ эмх замбараагүй байдлыг одоо цэгцлэх цаг нь болсон. Зээлдэгч нь зээл өгөхдөө зээлдэгчээр “Би тэдэн төгрөг тийм хугацаатай авлаа. Өдөрт тэдийг төлнө гэдгээ баталж байна. Чадахгүй бол хэтэрсэн цаг тутамд 7500 төгрөгийн торгууль төлөх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна” хэмээн хэлүүлж, бичлэг хийж авдаг. Ийм нөхцөлтэй зээл авсан нэгэн иргэн “Юу руу орчихов доо” гэж бодогдмоор үнэхээр эвгүй. Гэсэн ч бизнесээ үргэлжлүүлэхийн тулд авахаас аргагүй” хэмээн ярьж байв.

Ийм хатуу нөхцөлтэй зээл авсан иргэн өрөө төлөхийн тулд юу ч хийхээс буцахгүй болж, давхар зээл тавих, луйвар хийх гээд гэмт хэрэгт холбогдох тохиолдол ч цөөнгүй гардаг байна. Хархорин зах дээр бизнес эрхлэгч нэг эмэгтэй өдрийн зээлээс болж цэл залуугаараа амиа хорлосон тохиолдол ч гарсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан билээ.   

Зээлийн хүүнд хязгаар тогтооё

Зээл бол худалдаа наймаа эрхэлдэг хүмүүсийн хувьд зайлшгүй хэрэгцээ мөн нь мөн. Гэвч өдрийн зээлийн нөхцөл нь ямар нэг бизнесийн үйл ажиллагааг өргөжих бололцоог үнэхээр олгодоггүй. Хүн нэг сарын хугацаатай зээл аваад түүнийгээ эргэлдүүлж байгаад сарын дараа өгөхөд хүндрэл багатай. Харин өдрийн зээл нь тухайн өдрийнх нь ашгийг авчихдаг тул эргэлтийн мөнгө нь нэмэгддэггүй. Жижиглэн худалдааны бизнес эрхлэгчдийн талаас илүү нь өдрийн зээлтэй гэсэн мэдээллийг жилийн өмнө Монголын худалдаачдын холбооноос өгч байжээ. Өрөө төлж чадахгүй /чадахгүй биш, төлөлт хоцроосноос үүдэлтэй хэдэн зуун хувийн хүү, торгуульд унасан/ эмэгтэйчүүдийг сэтгэлзүйн тэр бүү хэл бэлгийн дарамтад оруулах ч асуудал гардаг байна. Ийм зээл өгдөг хүмүүсийн цаана цагдаа, хуулийн том албан тушаалтнууд байдаг гэсэн яриа ч байдаг аж.

Өдрийн зээл нь сарын 30 хувийн хүүтэй байдаг гэж дээр өгүүлсэн. Энэ нь жилд 360 хувийн хүүтэй мэт харагдаж байгаа боловч өдөр бүр төлөлт хийх болзол тулгаснаараа зээлдэгчид сул, өөртөө асар том давуу талыг үүсгэж байдаг. Зээлдэгч 20 хүнд нэг, нэг сая төгрөг зээллээ гэж бодъё. Маргаашнаас нь 20 хүнээс 52 000, 52 000 төгрөг татаад 1 040 000 төгрөг болгоод дахин нэг хүнд зээлнэ. Маргааш нь 1 092 000 төгрөг орж ирэнгүүт өөр хүнд зээлнэ. Энэ маягаар жилд хэдэн мянган хувийн хүү авдаг. Тиймээс өдрийн зээлийг бүрмөсөн хориглох, зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох зайлшгүй шаардлага байна.

“Зээлийн хүүгийн дээд хязга ар тогтоох тухай болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль”-ийг хэлэлцэж байх явцад “Монголбанк”-наас олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж

-Манай оронд зээлийн хүүг бууруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгө хүүлэлтийг зогсоох, иргэд хоорондын богино хугацаатай, өндөр хүүтэй зээлийн харилцааг зохицуулах шаардлага байна.

Хоёр. Гэхдээ банкны салбарт захиргаадалтын аргаар хүүг хязгаарлах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудлыг бий болгох тул тогтвортой хэрэгжих боломжгүй. Ялангуяа, макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээлийн тогтвортой орчин бүрдээгүй үед зээлийн хүүг захиргаадалтын аргаар бууруулах оролдлого нь санхүүгийн зуучлалыг зогсоож,  хөрөнгийн зугаталтыг бий болгож, санхүүгийн хүртээмжийг хумиж, эдийн засгийг хүндрэл рүү хөтлөх эрсдэл өндөр байна гэсэн зөвлөмж гаргасан байдаг. Тэгэхээр, зээлийн харилцаанд үүссэн замбараагүй байдлыг цэгцлэх шаардлага байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрчээ. Банк санхүүгийн салбарынхан ч хүчтэй эсэргүүцсэнээр хууль батлагдаагүй. Тэр хэлбэрээрээ батлагдах нь үнэндээ эрсдэлтэй ч байсан.

Харин арай өөрөөр буюу өдрийн зээлийг бүрмөсөн хориглож, хүүгийн дээд хязгаарыг банкны хүүгээс дээгүүр, бусад зээлийн үйлчилгээ эрхлэгчдийн хувьд зохистой хэмжээнд тавьж өгсөн байдлаар батлах боломж байсан. Энэ боломж одоо ч хэвээрээ байна.  

Жижиглэн худалдаа бол ажлын байр олноор бий болгодог, олон хүнийг хамардаг салбар. Энэ салбарын нуруун дээрээс ачаа хөнгөлөхөд нийгэм даяараа үр нөлөө нь мэдрэгддэг.

Аливаа бизнесийг өргөжүүлж хөгжүүлэхэд зээл зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ мөнгө хүүлэгчдийн хэдэн зуун хувийн хүүтэй зээл худалдаа эрхлэгчдийг дэгжээгээд байна уу бөхөөгөөд байна уу гэдгийг судалж, зохих өөрчлөлтийг хийх нь төрийн үүрэг.

Тиймээс “Зээлийн мэдээллийн сан”-гийн хар дансанд бичигдэж, банкнаас зээл авах боломжгүй болсон хүмүүс эдгээр мөнгө хүүлэгчдийн олз болж, амьдралаараа хохирч байгааг эрх баригч нам анхааралдаа авах цаг болжээ.    

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. сда энэ өдрийн зээлийг хориглоё оо бага хүүтэй бол ч яая гэх вэ

    0 0 Хариу бичих