Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан аки башё өнөөдөр арав дахь өдрөө үргэлжилнэ. Энэ сарын башёг Монголын их аваргууд болох Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар тэргүүлэн барилдаж эхлүүлсэн боловч Хакүхо их аварга хоёр дахь өдөр, Какүрюү аварга найм дахь өдөр барилдаанаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болж тус тус башёг өнжихөөр болсон юм. Ингэснээр озэки Гойэдо, Точиношин нар цолны эрэмбээр башёг тэргүүлж буй ч тэд амжилтын хувьд тааруухан байгаа юм. Тухайлбал, Точиношин таван даваа дөрвөн унаатай, Гойэдо зургаан даваа, гурван унаатай яваа юм. Аки башё найман даваа, нэг унаатай маэгаширагийн найм дахь бөх Окиноүми, маэгаширагийн арав дахь бөх Мэйсэй нар хошуучилж байна. Монгол бөхчүүдийн хувьд маэгашира Азумару С.Тодбилэг таван даваа, дөрвөн унаатай, Дайшохо Ч.Шижирбаяр гурван даваа, зургаан унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил таван даваа, дөрвөн унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байгаа ажээ.