Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр ирэх даваа гаригаас эхлэн энэ сарын 27-ныг хүртэл Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд төрийн үйлчилгээг хүргэх юм байна. Энэ үеэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, гаалийн үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар ирсэн илгээмжид гаалийн бүрдүүлэлт хийх, гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд "Гаалийн цахим системд нэвтрэх эрх” нээж өгөх, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулах зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
Мөн Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар мэдээлэл өгөх юм байна. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж ХХК “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах аж.
Засгийн газрын нээлттэй хаалганы өдрийг яамдууд дараах хуваарийн дагуу зохион байгуулах юм байна. Мөн тухайн яамны харьяа агентлаг бүр ажлаа танилцуулж, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулахаар болжээ.