Ерөнхий сайд У.Хүрэлсүх амралтын өдрийг тохиолдуулан газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Засгийн газрын тэргүүн Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт газар тариалан эрхэлж буй Ш.Рэнцэндорж захиралтай улсын аварга тариаланч хамт олны ургацын талбайд зочилжээ. Энэ хамт олон 1800 га-д улаанбуудай, 142 га-д тэжээлийн ургамал, 500 га-д тосны ургамал тариалжээ.

Тариаланч Ш.Рэнцэндорж арвин ургац авах төлөвтэй байгаагаа танилцуулснаас гадна ганцхан бэрхшээл байгаагаа дурдсан байна. Тэр нь ургац хураалтын үеэр ажиллах хүчний хомсдолтой байгаа явдал гэнэ. Түүний хэлж байгаагаар бол өдөрт 30 мянган төгрөгийн цалинтай ургац хураалтын ажил хийх хүн олдохгүй байгаа ажээ.

Ургац хураалтын ажилд цэргүүд болон оюутнуудыг оролцуулдаг. Энэ жилийн хувьд ургац хураалтын ажилд оролцох цэргийн тоо буурчээ. Учир нь, энэ жилээс цэргийн албан хаагчдыг томоохон бүтээн байгуулалтад оролцуулах болсноор ийнхүү ургац хураалтын ажилд оролцох цэргийн тоо буурсан юм байна. Үүнтэй холбоотойгоор газар тариалангийн бүс нутгуудад түр ажлын байр их хэмжээгээр нэмэгдэх болжээ. Тухайлбал, Ерөнхий сайдын ажиллаж буй Төв аймгийн хэмжээнд ургац хураалтын үеэр 1700 орчим ажиллах хүчний захиалга бий болсон байна. Тиймээс тус аймгийн удирдлагууд Мэргэжил сургалтын үндэсний төв, их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсроын сургуулийн ахлах ангийн сурагчдыг татан оролцуулах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлжээ. Мөн энэхүү ажлын байр нь сонирхож буй бүх хүнд нээлттэй юм.