-Сурагчид интернэт болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой-
Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын дунд ахлах ангийн сурах бичгийг номын сангаар нь дамжуулан түрээслэхээр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл түрээсийн ном хэвлэгдээгүй байна. Үүнээс болж зарим сургууль эцэг эхчүүдийг түрээсийн ном хүлээлгүйгээр өөрсдөө худалдаж ав гэж үүрэгдсэн байна. Гэтэл худалдаанд шинэ хэвлэлтийн ном гараагүй учраас зарим сурах бичгийн үнэ 15 мянган төгрөг хүртэл нэмэгджээ.
Хичээлийн шинэ жил эхлээд хагас сар болж байхад түрээсийн ном хэвлэлтэд ч орж амжаагүй байгаа талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Р.Балжиннямаас тодрууллаа.

-Түрээсийн сурах бичиг хэзээ хэвлэлтэд орж сурагчдын гар дээр очих уу?
-Түрээсийн ном хэвлэх сонгон шалгаруулалт зарлаад түүнийгээ Азийн хөгжлийн банк руу явуулсан. Азийн хөгжлийн банк шалгаж зөвшөөрөл өгөх ёстой. Зөвшөөрөл өгөх юм бол бид гэрээ байгуулна. Ингэхдээ 30 хоногт хэвлэн нийлүүлэх гэрээ хийнэ.
-Зарим сургуулийн багш нар сурах бичгээ худалдаж ав гэж шаардсан талаар эцэг эхчүүд гомдол гаргасан байсан?
-Бид хүлээж бай л гэдэг зүйлийг хэлж байгаа. Тухайн сургуулийн багш нар яагаад тэгж хэлснийг мэдэхгүй байна.
-Түрээсийн ном хэвлэгдтэл хүүхдүүд ямар сурах бичгээр хэрхэн даалгавар хийх чиглэл өгсөн бэ?
-Манай яамны вэб сайт болон гар утасны аппликэйшн ашиглан бүх сурах бичгийг аваад ашиглах бололцоотой байгаа.
Азийн хөгжлийн банкны найман тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2.6 сая түрээсийн сурах бичиг хэвлэх ёстой. Харин сурах бичиг хэвлэгдэх хүртэл ахлах ангийн сурагчид интернэт болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой гэнэ. Нэгэнт сурах бичиг тараагдаагүй учраас сургуулиуд ямар зохион байгуулалт хийж байгааг бид 24-р сургуулиас тодрууллаа.

Нийслэлийн 24-р сургуулийн захирал Т.Нарантуяа “Манай сургуулийн хувьд энэ хичээлийн жилийн бага ангийн сурах бичгүүд 100 хувь тараагдаж дууссан. Дунд, ахлах ангийн сурагчдын тухайд 40 хувь нь буюу амьдралын боломж доогуур, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тараагдах ёстой сурах бичгүүд бүрэн ирж сурагчдадаа очсон. Энэ жил сурагчид түрээсийн сурах бичиг ашиглах чиглэл өгсөн. Бид ахлах, дунд ангийн сурах бичиг шаардлагатай хүүхдүүдийн судалгааг дүүрэг рүүгээ явуулсан. Сурах бичиг иртэл анги дотроо хүүхдүүд байгаа сурах бичгээ хэрэглэнэ. Судалгаа явсан учраас хүүхдийнхээ тоогоор сурах бичиг ирнэ гэдгийг хэлсэн” гэв.

Энэ мэтээр эцэг эхчүүдэд түрээсийн номын талаар мэдээлэл өгч, ном тараагдах хүртэл хүлээхийг зөвлөж, дотооддоо болон интернэтээр дамжуулан сургалтынхаа хөтөлбөрийг зохицуулж байгаа сургуулиуд байхад зарим нь номоо худалдаж авахыг шахсан тохиолдол цөөнгүй байна.
Түрээсийн номын асуудал өнгөрсөн хичээлийн жилээс яригдаж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл сурах бичиг хэзээ хэвлэгдэж гар дээр тараагдах нь тодорхойгүй хэвээр. Ийнхүү жил яригдаж байгаа бодлого биеллээ олох гэж мунгинах хооронд багш нар салбар яамны зөвлөмжийг үл хайхран эцэг эхчүүдэд номоо худалдаж ав гэх нууцхан шахалт үзүүлж байна.

Олны хэлж заншсанаар Багшийн дээдийн номын худалдаа хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэнд худалдан авалт хийж байгаа эцэг эхчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Сургууль нь сурах бичиг ав гэсэн учраас зургаадугаар ангийн хүүхдэдээ 6 ном 48 мянган төгрөгөөр аваад явж байгаа ээж бол мөн сургуулийн зүгээс түрээсийн ном иртэл сурах бичих авахгүй хүлээж бай гэсэн ч гэрийн даалгаврыг нь хийлгэхэд хүндрэлтэй байгаа учраас арга буюу ном авч байгаагаа учирлах нэгэн ч байлаа. Тэр бүү хэл орон нутгаас зээдээ номыг нь авахаар арай л үнэтэй юм бүгдийг нь энэ удаад авч чадахгүй нь гэх эмээтэй ч таарсан юм.

Энд сурах бичгийн үнэ 5-10 мянган төгрөг байв. Гэхдээ энэ жил шинээр нэг ч сурах бичиг хэвлэгдээгүй, харин өнгөрсөн жил хэвлэгдсэн номыг нөөцлөн авсан байснаа болон хавар худалдаж авч хадгалсан хуучин сурах бичгүүдээ зарж борлуулж байгаа талаар борлуулагчид хэллээ.
Холбогдох байгууллагууд түрээсийн номоо эртхэн хэвлэж тараасан бол энэ мэт сурах бичгийн үнийн хөөрөгдөлт, эрэлт үүсэхгүй байсан биз ээ.
