Холимог тулааны “MGL-1” холбооны 70 кг-ын жингийн аварга, “Ширэн бээлий”, “One Team” клубын тамирчин Цогоохүүгийн Амарсанаа “ONE Championship” холбоонд хоёр дахь тулаанаа Австралийн Аделайд хотоос гаралтай, “The Spartan” хочтой Антонио Карузотой хийхээр болжээ. Австрали тамирчин холимог тулааны дэвжээнд долоон удаа гарч нэг ч ялагдаагүй яваа аж. Тэдний тулаан ирэх сарын 25-нд Индонезийн Жакарта хотод болох “ONE: Dawn of Valor” тулааны үдшээр болох юм.

Антонио Карузо

Манай тулаанч Ц.Амарсанаа өмнө нь DEEP холбоонд тулалдаж байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Тайландын Шэннон Виратчайг ялж “ONE Championship” холбоонд анхны ялалтаа авсан юм.

Өнөөдрийн тулаан түүний хувьд “ONE Championship”-ийн хоёр дахь тулаан бол өрсөлдөгч австрали тулаанчийн хувьд анхных нь ажээ.

А.Карузо нь 1990 онд Австралид төрсөн, 2013 оноос холимог тулаанаар тулалдаж эхэлсэн аж. Өнгөрсөн хугацаанд долоо ялж, нэг ч ялагдаагүй байна. Сүүлийн хоёр ялалтаа араас боох /rear naked choke/ мэхээр ялжээ.

Үдшийн гол тулаанд Киргизстаны Киамран Аббасов хөнгөн жингийн аварга, Шведийн Зебазтиан Кадестамтай хүч үзэх юм байна.