ОХУ БНХАУ руу тавих хийн хоолойгоор Монголоор дамжуулах болсон тухай мэдээлэл энэ долоо хоногийн эхэнд олны анхаарлыг татсан. Тус улсын Ерөнхийлөгч В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийснийхээ дараа "Газпром" компанийнхаа удирдлагатай уулзаж энэ талаар санал солилцсон тухай мэдээлэл гарсан. Энэхүү мэдээллийг ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак баталжээ. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Арабын нэгдсэн Эмират улсад энэ сарын 9-12-нд болсон Дэлхийн эрчим хүчний XXIV конгрессд оролцжээ. Энэ үеэрээ ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новактай уулзаж дээрх асуудлаар ярилцсан байна.
ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новак “Ерөнхийлөгч В.Путин уг асуудлаар "Газпром" компанийн захиралд судалж үзэх талаар онцгойлон үүрэг даалгавар өгсөн. Гурван талын эрчим хүчний яам, компаниудын оролцоотой ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулан ажлыг яаралтай эхлүүлье" гэжээ.