УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуулийн эхэд саналаа тусгуулах, эрх баригчидтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ. Энэ ажлын хэсэг байгуулах шийдвэрийг өчигдөр хуралдсан Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс гаргасан байна.
УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Ардчилсан нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь дэмжихгүй байна. Тэд “эцэг” хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээс өмнө ард түмнээс асуух ёстой байсан гэдгийг хэлж байгаа юм. Үүнээс гадна тус намынхны гаргасан ямар ч санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусч чадаагүй байна. Парламент нэгэнт хоёрдугаар хэлэлцүүлэг явуулж дууссан учраас ард нийтийн санал асуулга явуулахаар тогтлоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зүйтэй юу гэдгийг ард түмнээс асуухдаа 29 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь хэт үрэлгэн явдал гэдгийг ч АН-ынхан шүүмжилж байсан юм.
Ард нийтийн санал асуулгын загвар, агуулга ямар байхыг эх баригчидтай зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж, гишүүдэд Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй. Зөвшилцөх ажлын хэсэг ямар нэг шийдэлд хүрэхгүй бол Ард нийтийн санал асуулга явуулах ажилд Ардчилсан нам оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.