“Ийгл” телевизийн “Үдийн цай, үдийн хоол” сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр ШУТИС-ийн ҮТС-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, дэд доктор, дэд профессор, хоол зүйч Д.Пүрэвжав, Нийслэлийн боловсролын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн эрүүл ахуй, аюулгүй байдлын мэргэжилтэн Алтантуяа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Н.Цэнд-Аюуш нар оролцлоо.
УИХ-ын энэ хаврын чуулганаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох тухай Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль батлагдсан. Шинэ хууль 2020 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
2018-2019 оны хичээлийн жилд төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 217 сургуульд 264 040 хүүхэд суралцаж байсан бол энэ хичээлийн жилд урьдчилсан тоогоор 259 сургуульд 287 927 суралцагч байхаар мэдээ өгчээ.
“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хүүхдүүдийн хичээлийн идэвх, өсөлт хөгжилтөд үр дүнгээ өгч байгаа. Ирээдүйгээ эрүүл чийрэг бие бялдар иргэн болгон өсгөхийн тулд өсвөр наснаас нь зөв хооллох дадал зуршил суулгах шаардлагатай. Ингэхдээ технологийн шаардлага хангасан хэмжээнд амин дэмээр баялаг, мэргэжлийн түвшинд хоол бэлтгэн хүргэх зорилт тавьжээ.
Гэтэл өнөөдөр өглөө зарим сургуулиудад үдийн цайнаасаа болж хүүхдүүд хордсон гэх мэдээлэл гарсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж байна.