Энэ сарын 10-ны орой буюу манай цагаар 11-ний өглөөнөөс эхлэн нэгэн чихэнд чимэгтэй мэдээлэл хэвлэлүүдэд гарсан нь Формула 1 ангиллын авто уралдааны дэлхийн долоон удаагийн аварга, домогт нисэгч Михаэль Шумахерын ой ухаан сэргэсэн тухай байлаа. Өмнөхөөс ялгаатай нь, “Le Parisien” сонинд анх гарсан энэ мэдээллийг үгүйсгэсэн мэдээлэл нэг ч гарсангүй.
Түүнийг хэвтрийн дэглэмд бус, цонхныхоо хажууд сандал дээр суусан байдлаар өдрийг өнгөрөөж байгаа гэсэн мэдээлэл 2014 онд гарч байсан бол ойр дотны хүмүүсээ ялгаж таньдаг болсон, үйл явцыг мэдэрч хариу үйлдэл үзүүлж байгаа гэсэн мэдээлэл 2016, 2017 онд гарч байсан юм. Өөрөөр хэлбэл, домогт нисэгчийн биеийн байдал байнга сайжирч байжээ. Харин одоо ой санамж нь эргэж ирсэн талаар мэдээлж байна.
Мэдээлэл хаанаас тарав?
Михаэль Шумахер энэ сарын 9-ний өдөр Парис дахь Жорж Помпидугийн нэрэмжит эмнэлэгт ирж үзүүлжээ. Түүнийг өдрийн 15.40 цагийн үед авчирсан бөгөөд гэрэл зурагчдын хараанаас холдуулахын тулд хөлийн өсгийнөөс толгойны орой хүртэл бүх биеийг нь даавуугаар ороосон байсан аж. Гэсэн ч эмнэлгийн сувилагч бүсгүй “Le Parisien” сонинд ам алдсанаар мэдээлэл задарсан аж. Тэрээр “Михаэль Шумахер миний асаргаанд байгаа. Тэр ой санамжтай, ухаантай байсан” гэсэн аж. Сонины редакц олж авсан мэдээллээ баталгаажуулахын тулд эмнэлгийн эмчтэй холбогдоход нарийн мэдээлэл өгөөгүй ч сувилагчийн хэлснийг баталжээ. Сонины дугаар хэвлэгдсэнээс хойш “Улаан барон зургаан жилийн комоос эргэн ирсэн” тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан байна.