Хар тамхитай холбоотой гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 30.7 хувиар өсжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тоо 31.1 хувиар өссөн байна. Тодруулбал, 2019 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой нийт 169 гэмт хэрэг гарч, 294 хүн шалгагджээ. 2002 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг тасралтгүй өссөөр байгаа ажээ.
Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн насны хувьд бусад төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүстэй харьцуулахад залуу байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Энэ оны эхний найман сард бүртгэгдсэн нийт холбогдогчдын 49 хувийг 19-25, 43 хувийг 26-35, долоон хувийг 36-45, үлдсэн нэг хувийг 46-55 насныхан эзэлжээ.