Европын банкууд хямралын ирмэг дээр байна

Европын төв банк өнөөдрийн хуралдаанаараа хадгаламжийн хүүг бууруулах асуудлыг авч хэлэлцэх гэж байна. Эдүгээ -0.4 буюу аль хэдийнэ алдагдалтай болчихоод байгаа зээлийн хүүг дахин буулгах шийдвэр гарвал энэ нь банкууд болон банкны харилцагчдад маш хүнд цохилт болно гэж шинжээчид дүгнэж байна.  

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр Европын төв банкны удирдлагууд хадгаламжийн хүүг -0.5 хувь болгохоор төлөвлөж байгаа юм байна. Энэхүү шийдвэр нь хэтдээ Европын банк санхүүгийн системийг нураах үр дагаврыг авчирч болзошгүй гэж “Дойчэ банк”-ны топ менежер Кристиан Севинг мэдэгдсэнийг “Bloomberg” мэдээлэлдээ иш татжээ.

Европын төв банк нь Европын холбооны улсуудын эдийн засгийг тогтворжуулахын тулд 2014 оноос хадгаламжийн хүүг бууруулах бодлого баримталж ирсэн. Бага хүүтэйгээр банкинд хадгалуулж байснаас өөр бизнест хөрөнгө оруулах нь дээр гэсэн бодлыг хадгаламж эзэмшигчдэд төрүүлж, ингэснээр эдийн засагт орох хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн үндэслэлээр энэ бодлогыг өнөөдрийг хүртэл үргэлжлүүлж байгаа юм. Энэ бодлого эдийн засгийг эрчимжүүлэхэд тодорхой нөлөө үзүүлж байгаа нь гарцаагүй ч үр дүнд нь банкууд алдагдалд орсоор тав дахь жилтэйгээ золгож байгаа аж.

Зөвхөн “Дойчэ банк” л гэхэд энэ бодлогоос болж 2019 онд хэдэн зуун сая еврогийн алдагдал хүлээжээ. Нийт Европын банкуудын хэмжээнд 2014 оноос хойш хүлээсэн алдагдлыг тооцвол 23 тэрбум еврод хүрч байгаа аж.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Европод мөнгө илүүдээд монголын бизнест мөнгө дутаад

    0 0 Хариу бичих