БНХАУ-ын Тяньжинь хот явган хүний ухаалаг гарцын төсөл хэрэгжүүлж байгаа ажээ. Энэхүү төслийн хүрээнд тус хотын хөдөлгөөний ачаалал ихтэй гол гарцуудад ухаалаг төхөөрөмжүүд суулгасан байна. Явган зорчигч шөнө оройн цагаар гарцаар гарахад гарцын цагаан шугамын хоёр үзүүр улаан өнгөтэй болж, замын хөдөлгөөнд оролцож буй машинд анхааруулга өгдөг байна. Энэ нь гарцаар гарахдаа утсаар ярьж, эсвэл утсаа оролдож явдаг хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулж байгаагаараа ач холбогдолтой аж.

Энэ төсөл амжилттай хэрэгжиж, ухаалаг гарц үр дүнгээ өгөх юм бол цаашид Тяньжинь хот төдийгүй бусад хотуудад нэвтрүүлэх гэнэ. Зам тээврийн ослын нэлээд хувь нь гарцан дээр үйлдэгддэг бөгөөд энэ нь жолооч, зорчигчдын хэн хэнийх нь анхаарал болгоомжгүйгээс болдог гэдгийг тус улсын мэргэжлийн байгууллагууд тогтоосон аж. Ухаалаг гарцтай болсноор энэ төрлийн осол, гэмтэл эрс буурна гэж тэд тооцоолжээ.