Одон орон судлаачид дэлхийгээс алс орших өөр одны аймгийн гаригаас анх удаа ус олж илрүүлжээ. K2-18b гэж нэрлэгдсэн гаригийн агаар мандалд ус байгааг тогтоосон байна. Ингэснээр энэхүү гариг нь хар гаригийнхан амьдарч байж болох хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигч болсон талаар ВВС мэдээллээ. Энэхүү нээлтийг хийхийн тулд эрдэмтэд гаригийг 10 жилийн турш ажиглан судалжээ. Энэхүү асар чухал ач холбогдолтой нээлт “Nature Astronomy” сэтгүүлд хэвлэгдсэнээр албан ёсоор баталгаажсан байна.
Нээлт хийсэн эрдэмтдийн багийн ахлагч, Лондоны их сургуулийн профессор Жованна Тинетти “Температурын хувьд амьд организм орших боломжтой гаригууд /экзопланет/ үргэлж эрдэмтдийн анхааралд байж ирсэн бөгөөд тэрхүү гаригуудын нэгэн дээр ус байгааг анх удаа илрүүлсэн нь энэ удаагийн судалгааны гол ач холбогдол юм. Бид одоо “Орчлонт ертөнцөд бид цорын ганц уу” хэмээх хүн төрөлхтний өмнө тавигддаг хамгийн гол асуултын нэгэнд хариулахад нэг алхам ойртлоо“ хэмээн мэдэгджээ.
Агаар мандалдаа ус агуулж байгаа нь тогтоогдсон K2-18b гариг нь дэлхийгээс 124 гэрлийн жил буюу 117.394.578.599.920 километр зайд оршдог. Энэ нь зонд илгээхэд хэтэрхий хол зай юм байна. Тиймээс цаашдын судалгаа хийх цорын ганц гариг нь ажиглахад тохиромжтой болох 2020 оныг хүлээж, гаригийн агаар мандлаас зөвхөн амьд организмын ялгаруулдаг хий гаригийн агаар мандалд байгаа эсэхийг тогтоох явдал ажээ.
Экзопланет гэж юу вэ
Нарны аймгийн гаригуудаас бусад гаригуудыг ингэж нэрлэдэг. Анхны экзопланетыг 1992 онд Пульсар одны тойрог замаас илрүүлсэн бөгөөд үүнээс хойш 4000 гаруйг олж нээгээд байгаа юм. Эдгээр гаргийн зарим нь Бархасбадь, Санчир гаригаас ч том гэнэ.