Хятад АНУ-ын импортын зарим бараа бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлөв

БНХАУ-ын зүгээс АНУ-ын импортын зарим бараа бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлөв.

Тус улс өнгөрсөн онд АНУ-ын импортод нэмж ногдуулсан 25 хувийн тарифаас чөлөөлж байгаа бараа, бүтээгдэхүүний жагсаалтаа танилцууллаа. Хятадын Засгийн газар эрдэнэ шиш, гахайн мах зэрэг хөдөө аж ахуйн гол бараа, бүтээгдэхүүний импортын тарифыг нэмэлгүйгээр “Худалдааны дайн”-ы сөрөг нөлөөг бууруулахыг эрмэлзэж байна.

БНХАУ-ын Сангийн яамны цахим мэдэгдэлд дурдсанаар загасны хоол, хортон шавж устгах пестицид зэрэг 16 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнд хамаарах энэхүү шийдвэр ирэх мягмар гарагаас эхлэн нэг жилийн хугацаатай хэрэгжих юм байна. Түүнчлэн дахиад тарифаас чөлөөлөх шийдвэрүүд гарахаар хүлээгдэж байгаа юм.

БНХАУ-ын Засгийн газар тавдугаар сард тарифаас чөлөөлөх нөхцөлийг дэмжиж эхэлсэн ч чухам ямар бүтээгдэхүүнийг чөлөөлөхөө албан ёсоор зарлаж байгаа анхны тохиолдол болж байна.

АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар 12 дугаар сараас хойш БНХАУ-ын 34 тэрбум ам.долларын импортод ногдуулсан тарифыг чөлөөлөх тухай зургаан удаагийн шийдвэр гаргаснаа зарласан юм. БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид ойрын хугацаанд Вашингтонд хүрэлцэн очиж худалдааны хэлэлцээг үргэлжлүүлнэ. Дунд түвшний төлөөлөгчдийн уулзалт энэ сард болох юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)