Гэрэл зураг: Мьянмар-Японы багийн тоглолт.
Катар 2022 ДАШТ, 2023 оны Азийн цомын тэмцээний эрх олгох тэмцээний хэсгийн ээлжит тоглолтууд өчигдөр явагдлаа. Монгол улсын шигшээ баг өчигдөр Тажикистаныг нутагтаа хүлээн авч 0:1-ээр дийдсэн талаар бид тухайн үед нь мэдээлсэн. Тэгвэл одоо өчигдөр явагдсан бусад тоглолтуудын үр дүнг хүргэж байна.
А хэсэг
Гуам-Филиппин 1:4
Хэсгийн эхний тоглолтод Сирид 2:5-аар гөвүүлсэн филиппинчүүд энэ тоглолтоор сэтгэлээ засав. Тэд Гуамыг нутагт нь буулгаж авснаар эхний гурван оноогоо авч, оруулсан, алдсан гоолын тоогоо баланслав.
Мальдив БНХАУ 0:5
Энэ тоглолт БНХАУ-ын багийн мэргэн бууч Ян Шугийн хувьд түүхэн ач холбогдолтой боллооо. Тэрээр 65 дахь минутад агийнхаа гурав дахь гоолыг оруулснаар Хао Хайдонгийг гүйцэж, ДАШТ-ийн сорилгод хамгийн олон /13/ гоол оруулсан хятад тоглогч болов. Бразилд төрсөн Ай Кесен хэмээх залуу довтлогч энэ өдөр шигшээ багт анхныхаа тоглолт хийсэн бөгөөд 83 дахь минутад гоол оруулж, ирээдүйтэйгээ харуулжээ.
В хэсэг
Хятадын Тайвань-Балба 0:2
Балбын шигшээ Хятадын Тайванийг буулган авч хамгийн санаандгүй үр дүнг харуулав.
Кувейт Австрали 0:3
Австрали 1988 оноос хойш ДАШТ-ий сорилгын нээлтийн тоглолтод хожигдож үзээгүй аж. Энэ удаа ч уламжлалаа үргэлжлүүлж, Кувейтийг илт давуу буулгаж авав. Тоглолтын бүх гоол эхний үед орсон бөгөөд Мэттью Лекки хоёр, Аарон Мой нэгийг оруулжээ.
С хэсэг
Камбож Бахрейн 0:1
Бахрейн улс ДАШТ-ий сорилгын хүрээнд 90 дэх тоглолтоо Камбожтой хийж 1:0-ээр хожлоо. Ингэснээр Бахрейн улс сорилгод 32 хожил, 26 тэнцээ, 32 хожигдолтой болов. Мөн дөрвөн оноотой болж хэсгээ тэргүүлж эхлэв.
Хонконг Иран 0:2

Ираны шигшээ ДАШТ-ий сорилгод хожигдоогүй цувралаа нэгээр нэмж 22-т хүргэлээ. Тэд хамгийн сүүлд “Бразил 2014”-ийн сорилгын үеэр /2012 оны арвэннэгдүгээр сард/ Узбекистанд 0:1-ээр дийлдэж байв.
D хэсэг
Сингапур Палестин 2:1
Сафуван бин Бахарудины гоол, шилдэг тоглолтын ачаар Сингапурын шигшээ нутагтаа Палестинийг буулгаж авлаа. Палестин өмнөх тоглолтдоо Узбекистаныг 2:0-ээр буулгаж авч шуугиан тарьж байснаа энэ удаа үргэлжлүүлж чадсангүй.
Сингапур дөрвөн ноотой хэсгээ тэргүүлж эхлсэн бол Палестин гурван оноотой удаалж байна. Хэсгийн томчууд болох Йемен хоёр тэнцэж хоёр оноотой яваа бол Саудын Араб нэг тоглолтод төдий тооны оноотой хэсгийн дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол хүчирхэг Узбекистаны баг нэг тоглож нэг ч оноогүй хэсгийн сүүл мушгиж явна.
Йемен Саудын Араб 2:2
Йемен 2002 оноос хойш Саудын Арабаас анх удаа оноо салгажээ.
Е хэсэг
Афганистан Бангладеш 1:0
Афганистаны багийн хагас хамгаалагч Фаршад Нур шигшээ багтаа анхны гоол оруулсан нь хожлын гурван оноог авчирчээ.
Катар Энэтхэг 0:0
Энэтхэгчүүд Дохад Азийн аваргуудын эсрэг маш сайн тоглож тэнцлээ.
F хэсэг
Монгол Тажикистан 0:1

Тажикистан Монголын шигшээг 2007 оноос хойш анх удаа нутагт нь буулгаж авсан баг болов. Монголчууд 2007 онд БНАСАУ-д 1:4-өөр хожигдсоноосоо хойш нутагтаа ДАШТ-ий сорилгын дөрвөн тоглолт хийж, нэг ч хожигдоогүй байсан юм.
Мьянмар Япон 0:2
Такуми Минамино шигшээ багтаа хийсэн хоёр тоглолтод дараалан гоолдлоо. Тэрээр энэ сарын 5-нд Парагвайтай хийсэн нөхөрсөг тоглолтод гоол оруулж байжээ. Хүчирхэг Японы хувьд Мьянмарыг хожих нь ойлгомжтой байв.
G хэсэг
Индонези Тайланд 0:3
Тайланд улс ДАШТ-ий сорилгод 12 тоглолт дараалан хожил авч чадаагүй /дөрвөн тэнцээ, найман хожигдол/ энэ тоглолтоор цайрууллаа. Цайруулаад зогссонгүй, дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж эхлэв.
Малайз Арабын нэгдсэн Эмират 1:2
АНЭ-ын Али Мабхут ДАШТ-ий сорилгын тав дахь гоолоо оруулснаар багаа ялалтад хөтөлжээ. Ер нь Азийн багууд жигд чанаржиж байгааг энэ тоглолтоос ч харж болохоор байлаа. Арабын нэгдсэн эмиратчууд “ОХУ 2018”-ын сорилгод Малайзыг 10:0-ээр хожиж, өнөөх Али Мабхут хет трик хийж байв.
H хэсэг
Туркменистан БНСУ 0:2
БНСУ Туркменситантай гурав дахь удаагаа таарж, гурав дахиа хожлоо.
Шри Ланка БНАСАУ 0:1
Шри Ланка сайн хамгаалж байсан ч Ян Гук Чол 67 дахь минутад хожлын гоолыг оруулжээ. Ингэснээр Хойд Солонгос хэсгээ зургаан оноотой тэргүүлж эхэллээ.