ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Удмуртын бүгд найрамдах улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 79 настай А.Разин эх хэлнийхээ төлөө зулын гол болжээ. Өчигдөр Удмуртын парламентын нь чуулган эхэлсэн бөгөөд энэ үеэр нэрт эрдэмтэн улсынхаа төрийн зөвлөлийн ордны өмнө өөрийгөө шатаасан байна. Тэрээр эхлээд Дагестаны нэрт яруу найрагч Расул Гамзатовын "Маргааш миний хэл үгүй болох юм бол, өнөөдөр би үхэхэд бэлэн" гэсэн үгтэй бичээс барин зогсч төрийн зөвлөлийн ордны өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн аж. Үүний дараа өөрийгөө шатаажээ. "Түүнийг Ижевс хотын эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан" хэмээн "Telegram-112" суваг мэдээлжээ.
А.Разин Удмуртын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн бөгөөд нэртэй социологч, гүн ухаантан байжээ. Udm-info.ru сайтын мэдээлснээр Альберт Алексеевич Разин олон жилийн турш Удмуртын Улсын их сургуульд ажиллаж, "Хөдөөгийн ажилчдын хувийн шинж чанарыг бүрдүүлэхэд тулгамдсан асуудал" сэдвээр философийн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ. Тэрээр 1990-ээд оны эхээр Удмуртын Улсын их сургуулийн Үндэсний харилцааны лаборатори, Хүний хүрээлэнг байгуулахад гар бие оролцож байж.
А.Разин Удмуртын "Кенеш", "Тодосчи" үндэсний үзэлт олон нийтийн байгууллагын гишүүн байжээ. 2018 онд тэрээр үндэсний цөөнхийн сургуулиудад уугуул хэлээ заавал судлахыг цуцлах тухай хуулийн төслийг дэмжихгүй байхыг уриалж, бүгд найрамдах улсынхаа төрийн зөвлөлд нээлттэй захидал бичиж байсан аж. Мөн Удмуртын Үндэсний номын санд хийсэн сүүлийн илтгэлдээ Удмуртын соёлыг хамгаалахыг уриалж байжээ.
