“Дэлхийн хамгийн өндөр хүн” гэгдэж байсан БНХАУ-ын Өвөрмонголын малчин Бао Шишүнь саяхан өөрийн төрсөн нутаг Улаанхад хотноо 70 насны ойгоо тэмдэглэжээ. Төрөл садан, ах дүүс, нутаг усных нь цуглаж, түүнд баяр хүргэн, ерөөл дэвшүүлсэн байна. Бао Шишүнь 2.36 метр өндөр бөгөөд 2005 онд “Дэлхийн хамгийн өндөр хүн” хэмээгдэж Гиннесийн номд бичигдсэн юм. Хожим нь Туркийн иргэн, 2.47 метр өндөр Султан Коссон дэлхийн хамгийн өндөр хүн болсон байна.
Тэрээр 15-тайгаасаа гэнэт өсөж 1.89 метр, 20 хүрэхдээ 2.10 метр болжээ. Түүнийг гэрийнхэн нь Мүгдэн хотын цэргийн тойргийн сагсан бөмбөгийн багт оруулсан ч хэрх өвчний улмаас багаа орхиж гэртээ харьсан ажээ. Бао Шишүнийг 2005 онд хэвлэл мэдээллийнхэн анх мэдээлж олны танил болгосноор Гиннесийн номд бичигджээ. Тэрээр 2007 онд өөрөөсөө 20 насаар дүү эхнэр авч, 2008 онд хүүтэй болсон бөгөөд 11 настай хүү нь одоо 1.70 метр өндөр болжээ.

