24 жилийн турш ганц ч удаа хэрэгжүүлээгүй хуулийг энэ удаад хэрэгжүүлэх үү?

Хуулийг хэрэгжүүлж нийгмийн харилцааг зохицуулах гэж баталдаг. Харин Монгол Улсад нэг ч удаа хэрэгжүүлж байгаагүй ганцхан хууль бий. Энэ бол 1995 онд батлагдсан Ард нийтийн санал асуулгын тухай хууль. Тус хуулийг 2016 онд шинэчлэн найруулж баталсан ч хэрэгжүүлээгүй хэвээрээ. 24 жилийн хугацаанд нэг ч удаа хэрэгжүүлээгүй тус хуулийг харин энэ удаад хэрэгжүүлэхээр болоод байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсонтой холбоотойгоор УИХ ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Ард нийтийн санал асуулгыг ирэх аравдугаар сарын 30, 31-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ард нийтийн санал асуулга сонгуультай адил сонгуулийн насны иргэдийн саналыг авдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлж байгаар өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая 109 мянган иргэн бүртгэлтэй байжээ. Ард нийтийн санал асуулга явуулах үед энэ тоо хоёр сая 112 мянгад хүрнэ гэж тооцсон гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн юм. Санал асуулгыг иргэдээс хэрхэн авах талаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд дараах байдлаар заажээ.

3 дугаар зүйл. Санал асуулгын зарчим:

3.1.Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

3.2.Санал асуулга бүх нийтийн байх бөгөөд түүнд Монгол Улсын 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн бүр оролцох эрхтэй.

3.3.Иргэн санал асуулгад ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө гаргана.

3.4.Санал асуулга нь чөлөөтэй байх бөгөөд иргэнээс санал асуулгад оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно.

3.5.Иргэн хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж саналаа гаргах боломжоор хангагдсан байна.

3.6.Гадаад улсад байгаа иргэдээс санал авах, тоолох, зохион байгуулахтай холбогдсон журмыг энэ хууль болон Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн сонгуулийн төв байгууллага болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

3.7.Иргэн саналаа нууцаар гаргана.

Гадаад байгаа иргэдийн саналыг аравдугаар сарын 19, 20-нд авахаар төлөвлөсөн бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо, Гадаад харилцааны яам хамтарсан журам баталж, дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан зохион байгуулах юм.

УИХ “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг та дэмжих үү” гэсэн ганцхан асуултыг иргэдээс асууж тийм, үгүй гэсэн хоёр хоёр хариултын аль нэгийг сонгуулахаар төлөвлөж байгаа. Харин Ерөнхийлөгч нэгэнт ард түмнээсээ асууж байгаа учраас Монгол Улс цаашид ямар засаглалтай байх ёстой вэ гэдгээ давхар асууя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл ямар асуудлыг санал асуулгаар шийдвэрлэх, нэг удаа хэдэн асуудлаар санал асуулга явуулж болох зэргийг Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд дараах байдлаар заажээ.

4 дүгээр зүйл. Санал асуулгаар шийдвэрлэх асуудал:

4.1.Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд санал асуулга явуулна.

4.2.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал асуулга явуулж болно.

4.3.Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас дээшгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэнэ.

Ард нийтийн санал асуулгад нийтдээ 29 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Гэхдээ энэ их мөнгийг Засгийн газар шууд гаргах боломжгүй байгаа учраас багасгах, заримыг нь орон нутгийн төсвөөс гаргахаар болжээ. Тодруулбал, Засгийн газар хамгийн ихдээ 15 тэрбумыг нь гаргаж үлдсэнийг нь аймаг, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргах нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлэг шийдээд байгаа юм. Мөн МАН 2016 оны сонгуулийн амлалтаа биелүүлж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг үнэхээр хүсэж байгаа бол намаасаа санхүүжилт гаргаж болно. Учир нь, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 7.6-д “Улс төрийн нам, төрийн бус байгууллага сонгуулийн төв байгууллагаас баталсан журмын дагуу ухуулга сурталчилгааг өөрийн зардлаар явуулж болно” гэж заажээ.

Санхүүжилтийн асуудал болоод төрийн институц хоорондын зөрчлөө арилгаж чадвар 24 жилийн хугацаанд хэрэгжүүлээгүй Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэгжүүлж товлосон хугацаандаа санал асуулгаа явуулж чадах биз ээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал цаашдаа юу болж хувирахыг хүлээх л үлдээд байна. Харин өчигдөр бүтэн өдөржин яах нь тодорхойгүй хүлээлгэсэн УИХ цаашдаа хэчнээн хугацаанд ийм байдалтай байхыг таашгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)