Авлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгууллаа. Хэвлэлийн хурлын үеэр 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн нэгэн хэргийн бичлэгийг дэлгэсэн юм.
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх зэргээр уг хэрэгт 34 хүн холбогджээ.

Ахлах комиссар Т.Баярхүү “Гаалийн улсын ахлах байцаагч БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28 сая төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд 4 сая 500 мянгөн төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.
Бичлэг дээр гаалийн байцаагч нь өөрийн биед байсан бэлэн мөнгөө шүүгээ, орны араар нуусныг хураан авсан. Магадгүй энэ нэг удаагийн үйлдэл дээр илэрч байгаа мөнгөн дүн бага мэт боловч бид үүнийг мэдээлж, урьдчилан сэргийлүүлж байх ёстой гэдэг үүднээс үзүүлж байгаа.
Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.

Өнгөц дүгнэхэд бага дүнтэй мөнгө харагдаж байна. Зориуд үүнийг “жараахай” барилаа, “спорт загасчлал хийлээ” гэх мэт ойлголт гарган нийгэмд түгээж байгаатай хэрхэвч санал нийлж болохгүй. Авлигын гэмт хэрэгт том, жижиг гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн нэг машин дээр жишээ татахад л өдөрт 90 тонн ачаа ямар ч хяналтгүйгээр улсын хилээр орж ирж, төсөвт орох ёстой 20 сая төгрөгийн татвар орохгүй байна. Мэдэгдсэн нь энэ боловч илрээгүй байгаа нь хэд байгаа бол?
28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Адилхан бизнес хийж байгаа 2 хүний нэг нь хахууль өгөх замаар татвараас зайлсхийж, хэдхэн цагийн дотор хил нэвтэрч, хямд үнээр бараагаа зардаг. Гэтэл шударгаар хөдөлмөрлөж байгаа нь өндөр татвар төлж, олон өдөр хил дээр хүлээдэг. Татвар өндөр төлсөн учраас бараагаа өндөр үнээр зарах болдог. Өндөр үнэтэй гээд борлуулалтгүй болдог. Энэ нь шударгаар бизнес, худалдаа наймаа хийж буй хүмүүсийг эрсдэлд оруулдаг.
Төрийн бүх шатны байгууллагуудын хувьд ч энэ мэт авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.