ОХУ-ын ШУА-тай шинэ түвшинд хамтран ажиллах гарцыг нээжээ

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Сергеев Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 6-7-ны өдрүүдэд айлчлал хийсэн юм. Энэ нь ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч манай улсад анх удаа айлчилсан тохиолдол болжээ. Тус айлчлал нь Монгол, Оросын  хамтарсан Биологийн иж бүрэн экспедици болон палеонтологийн экспедици байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог. ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч А.М.Сергеев “Монгол, Оросын хамтарсан  биологийн болон палеонтологийн  экспепицийн 50 жилийн ой”-д зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож 50 жилийн түүхэн хугацаанд дээрх эспепицүүдэд хамрагдаж ажилласан судлаач, эрдэмтдийг Оросын ШУА-ийн нэрийн өмнөөс алдаршуулж баяр хүргэсэн юм.  Мөн энэхүү хурлын үеэр  Монгол Улсын Шинжлэх ухааны Академи, Оросын холбооны улсын Шинжлэх ухааны Академи хооронд шинжлэх ухааны хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээрийг хоёр орны ШУА-ийн Ерөнхийлөгч нар үзэглэжээ. Хэлэлцээрийн гол зорилго нь хоёр Талын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн өргөжүүлэх, шинжлэх ухаан, шинэ технологи, инновацийн үйл ажиллагаа болон харилцан сонирхсон салбарт судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх  явдал байв.

А.М.Сергеев айлчлалынхаа үеэр "Монцамэ" агентлагт өгсөн ярилцлагадаа  "Монгол Улс болон ОХУ-ын ШУА-ийн хамтран ажиллах шинэчилсэн хэлэлцээр нь бидний хамтын ажиллагаанд шинэ уур амьсгал оруулж өгнө. Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд манай хоёр орны хамтын ажиллагаа хүссэн хэмжээнд байгаагүй. Улс төрийн хувьд  хоёр улс маань XX зууны эхэнд байснаасаа өөрчлөгдсөн. Тиймээс  харилцаа ямар болсон, манай хоёр улсын шинжлэх ухааны хөгжил ямар байгаа  зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр харилцаагаа шинэчлэх хэрэгтэй болсон. Гэхдээ юуны түрүүн өмнөх хамтын ажиллагааны эерэг туршлага дээр тулгуурласан байх нь зүйтэй. Өнөөдөр суурь судалгаа маш чухал боловч үүнийгээ цаг үедээ тохируулан технологийн салбар руу  аль болох хурдан шилжүүлдэг байх нь чухал. Энэ чиглэлийн ажилд  хоёр орны эрдэмтэд одоогоор дэлхийд тэргүүлж чадахгүй байгаа. Тиймээс яг аль чиглэлээр хамтран ажиллах вэ гэдгээ зөв сонгох нь чухал. Түүнээс гадна ашигт малтмал, олборлох салбарт ямар хөгжил дэвшил гарч байгааг сайтар ажиглаж байх хэрэгтэй.  Мөн эрчим хүч, хүдэр олборлох болон бусад салбарт хамтран ажиллахад илүү  анхаарах нь зүйтэй.  Өнөөдрийн шинэчилсэн  гэрээ нь өмнөх хамтын ажиллагааны туршлага дээр суурилсан. Тиймээс бид шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгөх ёстой” гэжээ.

Айлчлалынхаа хоёрдахь өдөр А.М.Сергеев Монгол Улсын Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзалт хийж хоёр орны шинжлэх ухааны хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцсон юм. ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч А.М.Сергеевийг Монголд айлчилж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар хүлээн авч уулзсан юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны ШУА хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэлэлцээр, хамтарсан судалгааны ажлын чиглэлийг тогтоож, цаашдаа байнгын хамтын ажиллагаатай байх механизм бүрдүүлэх нь нэн түрүүнд анхаарах асуудал гээд шинжлэх ухааны салбарын гүн бат хамтын ажиллагааны нэг хэсэг нь сансар судлал бөгөөд дэлхий даяар эрчимжсэн сансар судлалын салбарт эрчимтэй хамтарч ажиллах, Монголын говь дахь өвөрмөц тогтоц, шинжүүдийг ашиглах боломж, бололцоо байгаа талаар талууд дэлгэрэнгүй санал солилцжээ. Мөн түүх, соёл, археологийн салбарт бэлтгэгдсэн эрдэмтэд манай хоёр улсад нийтлэг тул хамтын ажиллагааг эрчимтэй сэргээх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзах үещэрээ академич А.М.Сергеев “Улсын төсвөөс шинжлэх ухааны салбарт ногдуулж буй санхүүжилт чамлалттай байдаг.  Үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай” гээд орчин үеийн хөдөө аж ахуй, газрын ховор металууд, орчин үеийн сэргээгдэх эрчим хүч, сансар судлал болон археологи, генетик, угсаатны зүйг үндэс болгон нийтлэг түүхээ судлах хамтарсан төслүүд хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)