Их эзэн Чингис хааны эш хөрөг, "Монголын нууц товчоо" тэргүүтнийг Тайванийн Эзэн хааны ордон музей, Тайванийн үндэсний номын сангаас өндөр чанартай хуулбарлан дэлгэсэн үзэсгэлэн өчигдөр үүдээ нээлээ. "Их Монгол Улсын соёлын өв, Нангиад соёл иргэншлийн ул мөр" нэртэй энэхүү үзэсгэлэнг Монголын Үндэсний номын сан, Тайванийн үндэсний номын сан хамтран гаргаж буй юм байна. Энэ жил тохиож буй дөрвөлжин үсгийг Их Монгол Улсын төрийн үсгээр тунхагласны 750 жилийн ойд зориулан энэхүү үзэсгэлэнг дэлгэж байгаа гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо.
Тайванийн үндэсний номын сан, Тайванийн Эзэн хааны ордон музейд Монголын түүх, соёлтой холбоотой олон дурсгал хадгалагдаж байдгаас энэ удаа гол төлөв бичиг үсгийн дурсгалуудыг нь хуулбарлан авчирчээ. Гэхдээ Тайванийн Эзэн хааны ордон музейд хадгалагдаж байгаа Эзэн Чингис хаан тэргүүтэй найман их хаадын зургийг чанарын өндөр түвшинд 1Х1 тигээр хуулбарлан авчирч ард олондоо толилуулж байгаа ажээ. Мөн Монголын түүхийн эх сурвалж бичгийн 200 гаруй дурсгал хадгалагдаж байгааг энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэжээ. Эдгээр нь Их Юань улс, Их Монгол Улсын үеийн бичиг үсгийн дурсгал, хаадын зарлиг, бичээсүүд юм байна. Мөн Тайванийн Эзэн хааны ордонд хадгалагдаж буй "Монголын нууц товчоо"-ны эхийг хуулбарлан авчирч залсан нь үзэсгэлэнгийн онцлох үзмэр болжээ.


