Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотойгоор УИХ ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 30, 31-нд явуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнд нийтдээ 29 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Харин энэ мөнгийг хаанаас гаргах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Харин тогтоолын төсөлд “Тогтоосон зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт (У.Хүрэлсүх) даалгасугай” гэж заажээ. Ингэснээр Засгийн газар 29 тэрбум төгрөгийн эрэлд гарах шаардлагатай болж байна.
Өмнө нь төсөвт тусгагдаагүй ийм зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргадаг байлаа. Гэвч Үндсэн хуулийн цэц өнгөрсөн тавдугаар сарын 27-нд УИХ-ын 42 тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлыг хэлэлцэхдээ “Сонгууль болон сонгуультай төстэй” бусад зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна” гэж дүгнэсэн. Энэ нь УИХ-ын 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг цуцлах нэг үндэслэл болсон юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргаж ард нийтийн санал асуулга явуулбал Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэсэн үг. Ийм биш байлаа ч Засгийн газрын нөөц санд 29 тэрбум төгрөг байхгүй гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Тийм ч учраас Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслөөс Засгийн газрын нөөц сангаас гаргана гэсэн өгүүлбэрийг хассан юм.
Засгийн газрын нөөц сангаас 29 тэрбум төгрөг гаргах боломжгүй учраас одоогийн байдлаар энэ мөнгийг өөр газраас шууд гаргах боломж алга. Энэ мөнгийг хаанаас гаргахаа дотооддоо шийдэх ч эрх мэдэл алга. Учир нь, Засгийн газар ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас тус сантай хэлэлцээр хийж байж төсвийн тодотголоор энэ мөнгийг гаргах боломжтой. Гэхдээ ОУВС зөвшөөрч, Ч.Хүрэлбаатар сайд “Намайг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд төсөвт нэг ч удаа тодотгол хийхгүй” гэдэг үгнээсээ буцсан ч ногоон гэрлээр бүтчих асуудал биш. Монгол Улсын төсвийн тухай хуульд ямар тохиолдолд төсөвт тодотгол хийж, зардал нэмж болохыг дараах байдлаар зохицуулсан байдаг юм.
34.1.Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:
34.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;
34.1.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;
34.1.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;
34.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.
34.1.5.хууль болон гэрээнд зааснаар Засгийн газрын өрийн баталгааны төлбөрийн үүргийг гүйцэтгэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон.
Ард нийтийн санал асуулга явуулахад санхүүжилт гаргах шаардлага нь дээр заасанчлан төсөвт тодотгол хийх үндэслэл болохгүй. Дээрх зохицуулалтын хамгийн эхний заалт буюу “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн” гэдэг ойлголтод ч энэ хамаарахгүй. Учир нь, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх тохиолдлуудыг дараах байдлаар заасан байдаг юм.
8 дугаар зүйл.Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тохиолдол:
8.1.Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг дараахь тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно:
8.1.1.тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0”, эсхүл түүнээс бага, хасах хувьтай бол;
8.1.2.гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувь ба түүнээс дээш хэмжээнд хүрэхээр бол.
8.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасан тусгай шаардлагыг энэ хуулийн 8.1-д зааснаас гадна Засгийн газрын гадаад өрийн багц дахь дийлэнх хувь хэмжээг эзэлж байгаа үндэсний мөнгөн тэмдэгттэй харьцах гадаад валютын Монголбанкнаас зарласан тухайн оны эцсийн албан ханш нь өмнөх оны мөн үеийн албан ханшаас 15 хувь ба түүнээс дээш хувиар өссөн тохиолдолд түр хугацаагаар түдгэлзүүлж болно.
Ард нийтийн санал асуулгад зарцуулах 29 тэрбум төгрөг нь зөвхөн санал хураалт явуулах өдрүүддээ зарцуулах мөнгө бус тогтоол батлагдсан өдрөөс зарцуулж эхлэх мөнгө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулахаас эхлээд энэ мөнгийг зарцуулна. Шууд гаргах бэлэн мөнгө байхгүй учраас Засгийн газар богино хугацаанд 29 тэрбум төгрөг олох эрэлд өчигдрөөс эхэлж гарлаа. Мөн энэ мөнгийг хууль зөрчихгүйгээр хаанаас гаргаж болох хуулийн цоорхойг ч хайж эхэллээ.