Энэ жил чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний 53 кг-ын жинд түрүүлсэн залуу бөх М.Пүрэвтунгалаг эцэг, эхийн хамт өнөөдөр хэвлэлд хандаж, МЧБХ, шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Б.Баттулга нар өөрийг нь ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээс шударга бусаар хасаж эрхийг нь хохироож байгаа талаар мэдээлсэн билээ.
Энэ хэвлэлийн хурлын үеэр М.Пүрэвтунгалагийн аав “Хэрвээ охиныг минь ДАШТ-д оролцуулахгүй бол би амиа хорлоно” хэмээн хурц мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Энэ нь эцэг хүний охиноо гэсэн халуун сэтгэлээс гарсан бодлогогүй, зөнгөөрөө хэлсэн үг болов уу.
ДАШТ тулчихсан энэ үед М.Пүрэвтунгалагийн шаардлагыг шууд биелүүлэх мэдээж хэцүү. Учир нь дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ДАШТ-д оролцох улсуудын мэдүүлгийг авч дууссан гэдгээ тав хоногийн өмнө зарласан. Монголын багийн мэдүүлэгт 53 кг-ын жинд МУГТ Э.Сумьяагийн нэр байгаа. Үүнийг энэ холбоосоор орж харах боломжтой. Тиймээс М.Пүрэвтунгалагийн шаардлага биелэх магадлал бага. М.Пүрэвтунгалаг оройтжээ.
Гэхдээ түүний гомдлыг хэрэгсэхгүй өнгөрч боломгүй. МЧБХ-той холбоотой шүүмжлэхээр байдал харагдаж байна. Нэгд, УАШТ-д түрүүлсэн тамирчдад ДАШТ-д оролцох эрх өгөх нь учир дутагдалтай. Чөлөөт бөх өндөр хөгжсөн улс болгон тэмцээнээс хэдхэн хоногийн өмнө сонгон шалгаруулалт явуулж, хэн хамгийн сайн байгаад нь эрх олгодог. Гэтэл оны эхээр болдог УАШТ-ээр эрх өгөх нь эрх авсан тамирчин бэлтгэлээ назгайрах зэрэг сөрөг үр дагавар авчирдаг. Хоёрдугаарт, М.Пүрэвтунгалаг улсын аварга болсон нь үнэн ч гол өрсөлдөгч Э.Сумьяа жингээр хасагдсан. Тиймээс баг тамирчид Нурсултаныг зорихоос өмнө маргаантай байгаа жингийнхээ асуудлыг цэгцэлнэ гэдгээ МЧБХ урьдчилан тооцоолох ёстой байсан.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд ирүүлсэн улсуудын мэдүүлгээс харахад нэг жинд хоёр тамирчны нэр байх тохиолдол нэг бус байна. Энэ бол асуудал шийдэгдээгүй жингүүд гэдэг нь тодорхой бөгөөд гэсэн ч хэн нэгийг нь барилдуулна хэмээн хоёулангийнх нь нэрийг мэдүүлэгт өгсөн гэсэн үг юм. Гэтэл манайх маргаантай жин байсаар атал нэг хүний буюу ганцхан Э.Сумьяагийн нэрийг өгсөн нь шүүмжлэлтэй явдал болсон байна. Хэрвээ багийн мэдүүлгийг солих боломжгүй болсон бол энэ хоёрын хооронд халз барилдаан хийлгэх боломж хаагдаж, Э.Сумьяа явдгаараа явна гэсэн үг. Нэг залуу тамирчин сэтгэлдээ сэвтэй үлдэнэ гэсэн үг юм.
Харин МЧБХ-ноос ДБНХ-нд хүсэлт гаргаад, мэдүүлгээ өөрчлөх боломжтой бол, хоёр тамирчны хооронд нэн даруй харлз барилдаан хийлгэх нь зүйтэй. Э.Сумьяа 53 кг-ын жингийн шилдэг бөх, М.Пүрэвтунгалаг УАШТ-д түрүүлсэн. Тиймээс аль ч талаа бодсон ийм хувилбараар асуудлыг шийдэх нь зөв болов уу.