Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ "хаалга тогшиж байна" хэмээн хууль хяналтынхан болон хэвлэл мэдээллийнхэн хэдхэн жилийн өмнө ярьж, бичдэг байв. Тэгвэл хар тамхи хэмээн "Цагаан тахал" Монгол үүд тогшилгүй орж ирээд аль хэдийнэ хойморт тухалж, насанд хүрэгчид төдийгүй балчир нялхас, багачууд хүүхдүүдийг маань хордуулж, идэр залуус, ид насныхныг харанхуй ангал рүү түлхэх болжээ. Хууль хяналтын байгууллагуудын хяналт, шалгалт хийгээд гэмт хэргийн мэдээлэлд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой статистик геометрийн прогрессоор өсч ирсэн нь үүний нотолгоо юм. Хамгийн сүүлийн ноцтой мэдээллийг дурдъя.

Хүүхэд залуусыг мансуурлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн хоёр долоо хоногт хөдөө орон нутгаас орж ирж буй тээврийн хэрэгслүүдийг шалгаж, мансууруулах үйлчилгээтэй өвс түүж бэлтгэсэн хүмүүсийг илрүүлжээ. Мөн энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн нутаг дахь "Үйлдвэр", Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Дурсамж" шөнийн цэнгээний газарт шалгалт хийжээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийнхний мэдээлснээр энэ шалгалтын үеэр 87 хүнд мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг нь тодруулахад 24 нь хар тамхи татсан нь тогтоогдсон байна. Ганцхан удаагийн шалгалтаар ийм ноцтой зөрчил илэрчээ. Санамсаргүй, тохиолдлын байдлаар шалгалт хийхэд залуусын 27 хувьд нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэдэг бол сэтгэл түгших баримт юм. Түүнчлэн мансууруулах бодис хэрэглэсэн иргэдийн үйлчлүүлсэн цэнгээний газрын эзэн нь өөрөө мансууруулах бодис хэрэглэсэн байсан төдийгүй өмнө нь ийм хэргээр баривчлагдан торгууль, шийтгэл хүлээсэн нэгэн байжээ. Энэ бол мансууруулах бодис хэрэглэсэн, худалдан борлуулсан, түүгээр үйлчилсэн этгээдүүдийн толгойг илснээр улам өөгшүүлж, дахин давтан гэмт хэрэг үйлдэх, хууль бус үйлдэлдээ илүү олон хүнийг хамруулах боломж нөхцлийг олгосон гэсэн үг.

Дээрх цэнгээний газарт үйлчлүүлж мансууруулах бодис хэрэглэсэн 24-45 насны залуусын тав нь биедээ НҮБ-ын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан гашиш, каннабис, марк зэрэг хэд хэдэн  төрлийн "бараа" борлуулах зорилгоор болон өөрсдөө хэрэглэхээр авч явсан нь илэрсэн аж. Тэдний зарим нь эд мөрийн баримтаа устгахыг оролдсон гэнэ. Мөн бааранд Ди Жи хийхээр ирсэн гэж өөрсдийгөө танилцуулсан ХБНГУ-ын хоёр иргэн мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд манай цагдаагийнхны шаардлагыг эхэндээ эсэргүүцсэн ч хууль, журам, дүрмээ танилцуулснаар тэд  шалгуулжээ. Өмнө нь хар тамхи хэрэглэсэн залуусыг нэг дор ийм олноор баривчилж байгаагүй. Тиймээс өнгөрсөн баасан гаригийн шөнийн шалгалт хууль хяналтынхан төдийгүй нийгэмд цочроо өгч, мансууруулах бодисын хэрэглээ хяналтаас гарсан гэдэг аюулын харангыг дахин чанга дэлдлээ.

Хар тамхи, мансууруулах бодисын анхны судалгааг манай улс 1999 онд анх хийжээ. Тухайн үед өсвөр насны 1000 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар 45 хүүхэд өвсний ургамал татаж хэрэглэдэг нь тогтоогдож байжээ. Түүнээс хойшхи 20 жилийн дотор энэ тоо тасралтгүй өссөөр ирсэн гэдэг харамсалтай бөгөөд аюулын харанга дэлдсэн мэдээллийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагынхан үе үе олны сонорт хүргэсээр ирсэн.  Зургаан жилийн өмнө буюу 2013 оны аравдугаар сард явуулсан судалгаагаар 1000 хүүхэд тутмын 561 нь хар тамхи, мансууруулах бодис ямар нэг хэмжээгээр хэрэглэж үзсэн байжээ. Энэ нь 1999 оныхоос 10 дахин өссөн үзүүлэлт. Тиймээс хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ төрийн хяналтаас гарсан гэдгийг өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийнхэн хэвлэлийн бага хурал хийн зарласан удаатай.

Олон улсад ч гэсэн мансууруулах бодисын хэрэглээ хяналтаас гарч, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээний эсрэг үйл ажиллага мухардалд оржээ. Үүнийг Олон улсын эмийн бодлогын консорциум яг жилийн өмнө зарлаж байв. Тус байгууллагаас гаргасан тайланд дурдсанаар, “хар тамхины эсрэг дайн” хэмээн нэрлэсэн 2019 он гэхэд хууль бус хар тамхины худалдааг хязгаарлах НҮБ-ын бодлого нь алдаатай бодлого бөгөөд дэлхий нийтийн эрүүл мэнд, хүний эрх, аюулгүй байдал, хөгжил дэвшилд саад хийж байна гэж үзсэн юм. Харин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Фархан Хак “НҮБ-ийн дэргэдэх Хар тамхи гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага уг асуудлыг хариуцан ажилладаг. Өнгөрсөн 10 жилд явуулсан тэдний бодлогод алдаа ч бий, оноо ч бий. НҮБ-аас тухайн байгуулагад байнга хяналт тавьж юун дээр алдсан байна, юуг сайжруулах хэрэгтэй тухай анхааруулж хар тамхины хэрэглээг аль болох хурдан хугацаанд хазаарлахыг зорьж байна. Энэ үйл хэрэгт улс орнуудын өөрсдийнх нь үүрэг оролцоо маш чухал байна” хэмээн мэдэгдсэн билээ. Харамсалтай нь манай улсын хувьд энэ чиглэлээр хангалтгүй ажиллаж байгааг сүүлийн үед илэрч буй хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой гэмт хэргүүд харуулсаар байна.

Дэлхий нийт хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний эсрэг хэрхэн тэмцэж байна вэ?. Энэхүү аймшигт "Цагаан тахал" хүн төрөлхтөнд ямар аюул, сүйрэл учруулж байна вэ?. Энгийн хэдхэн тоо баримт дурдъя. 2017 онд зөвхөн АНУ-д хар тамхитай холбоотой нас баралт 145 хувь өсөж, 71 мянган хүн тун хэтрүүлснээс болж нас барсан гэсэн аймшигтай тоо баримт гарсан байна.Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд 3940  хүн хар тамхины хэргээр цаазын ял сонсчээ. Мексикийн Үндэсний статистик газар зүйн байгуулагын судалгаагаар 2017 онд  мансууруулах бодистой холбоотой 31174 аллагын хэрэг бүртгэгдсэн нь 2016 оныхоос 27 хувь өссөн үзүүлэлт байв. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.  Мөн Мексикт таван хоригдол тутмын нэг нь хар тамхины хэргээр шоронд хоригдож байна. Дэлхийн хамгийн том хар тамхи үйлдвэрлэгч Колумб улсын кокайны тариалангийн талбай 2014 онд 39 хувь, 2015 онд 42 хувиар өсч 392,897.5 акр болжээ.

Улс орнууд хар тамхи, мансууруулах бодисын эсрэг тэмцэлд нэгдэж хамтрахыг чухалчилж байгаагийн нэг жишээ нь өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” нэртэй арга хэмжээ болсон юм.Тус арга хэмжээ нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд чиглэжээ. Энэхүү уриалгыг АНУ-тай хамтран Колумб, Аргентин, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан зэрэг улсууд гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгдээд буй билээ.