-Шүүхийг засаг захиргааны нэгжээс тусдаа буюу тойргийн системээр байгуулах нь зүйтэй-

“Ийгл” телевизийн “Зочны цагт” нэвтрүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан оролцлоо.

-“Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ нэг хүнээс хараат байдгийг болилуулж шударга бусын хонгил нурна” гэсэн тодотголтой ярилцлага ихээхэн анхаарал татлаа. Шударга бусын хонгил гэдэг зүйл Д.Алтанхуяг сайдыг агсныг нэр өгснөөс хойш байнга яригдаж байгаа. Яг юуг хэлээд байгааг та тодотгож өгөөч?

-Өнгөрсөн 27 жилийн турш шүүхийн шинэтгэл хийгдэж ахиц дэвшил гарсан. Ялангуяа жирийн иргэдийн эрх ашигтай холбоотой тэдгээрийн хоорондын маргаан дээр өөрчлөлтүүд гарсан судалгаанууд байгаа. Гэвч Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн шүүхийн хараат бус байдлын үзүүлэлтээр Монгол Улс 120 улсаас 110-т байгаа. Үүнийг бизнес эрхлэгчдээс шүүх хараат бус ажиллаж байна уу гэдгийг асуудаг. Товчдоо томоохон мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн томоохон ашиг сонирхлыг хөндсөн маргаан дээр шүүх хараат бус ажиллаж чадаж байна уу үгүй юу гэдэг дээр эргэлзээ судалгаагаар гарч ирж байгаа. Үүнийг зарим улстөрчид шударга бусын хонгил гэж нэрлээд байгаа. Ийм эрсдэл байна. Үүнийг сүүлийн 10-аад жил олон судалгаагаар гаргаж тавьж ярьсан. Ийм эрсдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийг тойрч үүсэж байгаа. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар шүүгчийг томилно, дээд шүүхийн санал болгосноор дээд шүүхийн ерөнхий шүүгчийн томилно гэдэг заалттай.

Гэтэл шүүх эрх мэдэлтэй холбоотой маш олон бүрэн эрхийг Ерөнхийлөгчид хуулиар нэмж өгсөн. Дээд шүүхээс бусад бүх шүүхийн ерөнхий шүүгчийн томилно. Шүүгчдийг томилоод зогсохгүй, шүүгчдийг хуульчдаас шилж олох ажлыг хийдэг шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга гишүүдийг нь 2013 оноос хойш бүгдийг нь томилдог болсон. Дээрээс нь шүүгчдэд сахилгын шийтгэл ноогдуулж, хариуцлага тооцдог Шүүхийн ёс зүйн хорооны дарга гишүүдийг бүгдийг Ерөнхийлөгч томилдог болсон.

Мөн хаврын хурлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарвал ямар ч шүүгчдийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, ерөнхий прокурор, АТГ-ын дарга, дэд даргыг бүрэн эрхийг нь дуусгавар болгох зөвлөмж гаргавал Ерөнхийлөгч гүйцэтгэх хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдэлтэй холбоотой гол эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгчдийг томилохоос эхлээд огцруулах асуудлуудыг шийддэг хамаг эрх мэдэл Ерөнхийлөгч дээр төвлөрсөн байгаа нь үүнийг зүй бусаар урвуулан ашиглах, томоохон улс төрийн сонирхол, мөнгөн дүнтэй холбоотой зүйл дээр оролцох эрсдэл байгаа юм.

Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 62 гишүүний өргөн барьсан төсөл бол ямар ч байсан үүнийг буюу шүүх нэг хүнээс хэт хамааралтай байгаа байдлыг таслан зогсооё гэдэг үзэл баримтлалаар өргөн барьсан.

-Ямар зүйл, заалтууд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд туссан байгаа вэ?

-62 гишүүний төсөлд шүүх болон цэцтэй холбоотой есөн маш чухал зарчмын заалтууд орсон. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс эдгээр заалтуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгийг долоодугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн. Ер нь шүүхтэй холбоотой энэ заалтуудаас хасаач гээд Ерөнхийлөгч өөрөө төсөл өргөн бариад тэр дотроо шүүхийн хоёр заалт оруулсан. Үүнтэй холбоотойгоор сүүлийн нэг сар гарангын хугацаанд УИХ-ын гишүүд аль болох ойлголцож, гэхдээ төслийнхөө шүүхийг хараат бус шударга болгох үзэл баримтлалыг хадгалах гэж цаг авах шиг боллоо. Энэ зөвшилцөл, ойлголцлын үр дүнгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд шүүхтэй холбоотой нэн тэргүүний гурван заалтыг Үндсэн хуульд оруулья гэдэг саналыг гарган МАН-ын бүлэг дэмжсэн. Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байж болох дундын хувилбар гээд хүлээн зөвшөөрсөн заалт шүүх дээр орсон.

Нэг дэх нь Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллага. Хараат бус шударга шүүх болгохын тулд шүүгчийг сонгон шалгаруулах шүүхийн менежмент, зохион байгуулалттай холбоотой эрх мэдлийг шийддэг бүтэц хэрэгтэй. Үүнийг 1992 оны Үндсэн хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөл гэж байгууллагад харьяалуулсан. Энэ маш чухал алхам болсон. Гэхдээ тухайн үед энэ Үндсэн батлагдах үед буюу 1991 онд НҮБ-ын хоёр шинжээч ирээд Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөө бүрэлдэхүүнийг яаж томилох юм бэ гэдгийг Үндсэн хуульдаа тодорхой зааж өгөхгүй бол парламент дахь улс төрийн олонхын байнгын үзэмжээр өөрчилж, шүүхэд нөлөөлдөг эрсдэл үүснэ шүү гэдгийг анхааруулж байсан ч энэ зөвлөмжийг авч Үндсэн хуульдаа тусгаагүй. Үүнээс болоод сүүлийн 27 жилд Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 удаа өөрчилсөн. Эхлээд Дээд шүүхийн доор өгсөн. Дараа нь улс төрийн албан тушаалтан болох Хууль зүйн сайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг хийж байсан. Улс төрийн зүй бус нөлөөлөл орох эрсдэл бий болсон байсан. 2002 оноос Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр даргалуулаад Дээд шүүхийн дор өгсөн. Ингэснээр шүүхийн дотоод хараат бус байдал алдагдсан. 2013 онд үүнийг засах гэж оролдсон ч сүүлдээ хууль нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүн, даргыг нь гээд бүгдийг Ерөнхийлөгч томилдог болсноороо ахин нэг хүний нөлөөлөлд орох эрсдэл үүссэн.

62 гишүүний гол үзэл баримтлал бол үүнийг байнга өөрчилж урвуулан ашигладаг эрсдэлийг нь хаая, тодорхой зааж өгье, олон улсын жишиг тийм байна гэдгийг харгалзан тусгасан. Ингэж тусгахад гол үзэл баримтлал нь Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байна.  Зүй бус нөлөөлөлд орох эрсдэлийг бууруулах, ил тод байх, төлөөллийг хангах үүднээс 10-аас доошгүй гишүүнтэй байдаг. Энэ 10 гишүүний талыг шүүгчид дотроосоо сонгоё, ингэснээр шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, энэ зөвлөлөөр дамжиж улс төрийн зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг хаана гэж үзсэн. Нөгөө 5 гишүүнийг Засгийн газар, мэргэжлийн холбоо зэрэг өөр эх сурвалжуудаас нэр дэвшүүлж УИХ томилгооны сонсгол хийж хуралдаанд оролцож байгаа гишүүдийнхээ 3/2-оор буюу олонх цөөнхөөр зөвшөөрч томильё гэдэг үзэл баримтлалаар орж ирсэн.

Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс УИХ Шүүхийн ерөнхий зөвлөлийн талыг нь томилж байгаа нь зохисгүй юм. Улс төрийн нөлөөлөл орох эрсдэл үүсгэж байна гэдэг шүүмж, санал ирүүлснийг энэ зөвшилцлийн ажлын хэсэг Төрийн байгуулалтын байнгын хороо хүлээж авсан байгаа. Ингээд томьёолол товчоор яаж өөрчлөгдсөн гэхээр 10 гишүүнээрээ байя, 5 гишүүнийг шүүгч нар сонгоё, нөгөө 5 гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлээд хуульд заасан журмаар томильё буюу нэр дэвшүүлэх зарчмыг нь зааж өгье , томилох журмыг хуулиар зааж өгье ингэхдээ мэргэжлийн холбоо, Засгийн газар, УИХ бусад шаардлагатай субьектуудыг оролцуулаад баланстайгаар нэр дэвшүүлье гэдэг ойлголцол дээр гарч ирсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүний 5 гишүүнийг шүүгч нар сонгож байгаа нь маш чухал. Үүнээс гадна энэ 10 гишүүн одоогийнхоос ялгаатай нь дотроосоо өөрсдөө даргаа сонгоно. Тэгэхээр үүнд нэг албан тушаалтнаас нөлөөлөх зүй бус нөлөөлөл нэлээд хаагдаж байгаа. Мөн түүнчлэн шүүгч болон шүүгч биш гишүүдийн балансыг хангаж өгч байгаа. Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл дандаа шүүгч нар ноёлж явж байсан.