УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн аль заалтыг нь авч, алийг нь унагах уу, ямар заалт нэмэх үү гэдгийг шийддэг гэдэг утгаараа хоёр дахь хэлэлцүүлэг бол хамгийн чухал үе байдаг. Тодруулбал, Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахаар болж байгаа нь хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа тодорхой болох юм. УИХ-ын 64 гишүүний гарын үсгээ зурж өргөн барьсан төсөл хэрхэн өөрчлөгдсөн нь эхний байдлаар тодорхой болно гэсэн үг. Д.Лүндээжанцан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг төслөө
1.Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах,
2.Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт,
3.Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт,
4.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт гэсэн дөрвөн багц асуудлын хүрээнд боловсруулсан. Эдгээр багц өөрчлөлтүүдээс хамгийн түрүүнд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудлын хоёрдугаар хэлэлцүүлэг ганцхан заалтыг эс тооцвол дууссан. Харин Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой багц асуудлын нэлээд хэдэн заалт УИХ-ын гишүүдийн дунд маргаан дагуулсаар байна. Тиймээс урьдчилсан байдлаар ямар өөрчлөлт орох нь тодорхой болоод байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой хэсгийн өөрчлөлтийг хүргэж байна. Ингэхдээ анх өргөн баригдсан төслийн аль заалтыг дэмжсэн болоод дэмжээгүйг танилцуулъя. Мөн ажлын хэсгээс ямар заалт нэмсэн, ямар ганцхан заалтаар санал хураалт явуулалгүй хойшлуулаад байгааг хүргэе.
Хот, тосгонд төрийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг УИХ шийднэ
Нэг.Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох:
57.2.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно. (Дэмжигдээгүй)
57.2.Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот тосгоны өөрийн удирдлага зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. (Төслийн заалт дэмжигдээгүйтэй холбоотойгоор ажлын хэсгээс санал болгож дэмжигдсэн заалт. Энэ бол хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгохтой холбоотой чухал заалт. Уг заалтыг утгачилбал, Монгол Улсын засаг захиргааны нэгжээс тусдаа бие даасан хот байх ёсгүй гэж үзлээ. Монгол Улс бол зөвхөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгдээ хуваагдана. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж доторх хот, тосгоны асуудлыг хуулиар зохицуулна гэсэн үг. Мөн тухайн хот, тосгонд төрийн удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг УИХ Засгийн газрын саналаар шийдэж байхаар болж байна.)
57.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ. (Ажлын хэсгээс төсөлд шинээр нэмж дэмжигдсэн заалт.)
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ татвар тогтоох эрхтэй болно
Хоёр.Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох:
59.2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно. (Дэмжигдээгүй)
59.2.Монгол Улсын нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд Иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно. (Төслийн заалт дэмжигдээгүйтэй холбоотойгоор ажлын хэсгээс санал болгож дэмжигдсэн заалт.)
59.3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ. (Дэмжигдээгүй хасагдсан. Ажлын хэсэг оронд нь өөр заалт оруулаагүй)
59.4.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь тухайн нутаг дэвсгэрт хамаарах асуудлаар хуульд заасан, эсхүл сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргана. (Дэмжигдээгүй хасагдсан. Ажлын хэсгээс оронд нь өөр заалт оруулж ирээгүй)
Сум, дүүргийн Засаг даргыг иргэд нь сонгодог болохыг УИХ дэмжсэнгүй
Гурав.Бүх шатны Засаг даргыг томилох, огцруулах журмыг тодорхойлох:
60.2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно. (Энэ заалт дээр гишүүд саналаа нэгтгэж чадалгүй санал хураалтыг нь хойшлуулсан. Зарим гишүүн нь зөвхөн баг, хорооны Засаг даргыг Сум, дүүргийн Засаг дарга нь томилж, аймаг, нийслэл Засаг даргын асуудлыг одоогийнхоор нь үлдээх санал гаргаад байгаа юм.)
60.3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. (Дэмжигдээгүй хасагдсан. Ажлын хэсгээс оронд нь өөр заалт оруулж ирээгүй)
60.4.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар чөлөөлж, огцруулна. Сум, дүүргийн Засаг даргыг огцруулсан бол бүрэн эрхийн үлдсэн хугацаанд ажиллах Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга томилно. (Дэмжигдээгүй хасагдсан. Ажлын хэсгээс оронд нь өөр заалт оруулж ирээгүй.)