УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэв
Намрын илүү тэргүүн сар гарчихаад байгаа хэдий ч УИХ-ын хаврын ээлжит бус чуулган үргэлжилж байна. Парламент Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа учир өнгөрсөн зун завсарлаж,амралгүйгээр ээлжит бусаар хуралдсаар намрын чуулгантайгаа золгох гэж байгаа нь энэ.Учир нь эцэг хууль гэж нэрлэгддэг Үндсэн хууль “гар хүрэх” нь бусад органик хуулиудтай адилгүй бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулагддаг чанд, нарийн дэгтэй.
1992 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал сүүлийн 20-иод жилийн турш дөрөв, таван парламент дамжин яригдаж, 2010 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсанаас хойш УИХ-д зургаан өөр төсөл өргөн баригдаж байсан ч парламентаар хэлэлцэгдэх “хувьсгалын тохироо” бүрдээгүй юм. Харин энэ удаа өмнө нь өргөн барьсан тэдгээр төслүүдийг нэгтгэн, илүү сайжруулан боловсруулж, олон нийт, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлсний үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг бэлэн болгожээ. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсэг сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. 27 жилийн өмнө ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж байсан Д.Лүндээжанцан гишүүн энэ удаа Үндсэн хуулийн эх баригч гэдэг хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээгээд буй гэдгийг онцолъё.
Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө өнгөрсөн зургадугаар сарын 06-нд УИХ-д өргөн барьсан бөгөөд уг төслийн нэг дэх хэлэлцүүлгийг УИХ зургадугаар сарын 14, 18-ны өдрүүдэд хийж, төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны долдугаар сарын 05 болон наймдугаар сарын 23, 26-ны өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, гишүүдэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Болд, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Г.Солтан нар ажилласан байна.
Ерөнхийлөгч зөвшилцлийн ажлын хэсгийг ахлав
Ө.Энхтүвшин гишүүний ахалсан ажлын хэсэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байх явцад нэгэн шинэ нөхцөл байдал үүссэн. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар өөрийн санаачилсан төсөл, саналыг долдугаар сарын 16-нд УИХ-д өргөн барьсан явдал. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс УИХ-ын нэр бүхий 62 гишүүдний өргөн барьсан төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналыг хэрхэн уялдуулах, олон нийтийн дунд хэлэлцүүлгийг хэрхэн зохион байгуулах, өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хооронд нь нэгтгэх талаар зөвшилцөл, ойлголцлоо хэрхэн нэгтгэх вэ гэдэг асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгуулагджээ.
Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Энэхүү Ажлын хэсэг долдугаар сарын 18-наас наймдугаар сарын 12-ны хооронд нийт 5 удаа хуралдаж зөвшилцжээ.
Ийнхүү зөвшилцсөний үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхдээ “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах”, “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах”, “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах”, “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох” гэсэн дөрвөн багцаар бүлэглэн санал хураалт явуулж, санал, дүгнэлтээ гаргасан аж. Ингээд наймдугаар сарын 28-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийж эхэлсэн юм.
Үндсэн хуулийн хэдэн хувьд нэмэлт, өөрчлөлт оруулах вэ?
Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөж буй Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйл, 253 заалттай. Үүний 35 хүртэл хувьд өөрчлөлт хийвэл нэмэлт, өөрчлөлт, түүнээс дээш хувьд ньөөрчлөлт хийвэл шинэчилсэн найруулга гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн энэ заалтыг баримтлан 24 зүйл, 53 заалтад өөрчлөлт оруулахаар тусгасан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналд Үндсэн хуулийн 24 зүйл, 49 заалтад өөрчлөлт оруулах зохицуулалтыг тусгасан юм байна. Энэ хоёр төслийг нэгтгэн нийлүүлэхээр Үндсэн хуулийн 35 хувиас илүүг нь өөрчлөхөөр байгаа аж. Өөрөөр хэлбэл нэмэлт, өөрчлөлтийн хэмжээнээс давсан гэсэн үг. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал дахь 49 заалтаас зургааг нь л бүтнээр нь, ямар нэг өөрчлөлтгүйгээр авсан юм байна. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгох, УИХ, Засгийн газрын бүрэн эрхтэйхолбоотойгоор аймаг, нийслэл,сум, дүүргийн Засаг дарга нарын бүрэн эрхийг мөн 5 жил болгох заалтыг бүтнээр нь авч төсөлд тусгажээ. Мөн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой аливаа оролдлогыг үл звшөөрөх тухай, ард нийтийн санал асуулга явуулах гэх мэт заалтыг бүтнээр нь авчээ. Мөн 10 гаруй заалт дээр зөвшилцөөд явж байгаа аж.
Зөвшилцлийн ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, мөн УИХ дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналуудыг УИХ-аар хэлэлцэж байгаа гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан томьёолж авч үзэхэд Үндсэн хуулийн нийт зүйлийн 34.2 хувийг хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзжээ.
Бид энэ удаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалтууд өргөн барьсан төсөлд хэрхэн томъёологдсон, хэлэлцүүлэг болон зөвшилцлийн явцад тэдгээр нь яаж нэмэгдэж, өөрчлөгдөж байгаа талаар танилцуулахаар бэлтгэлээ. УИХ-ын ээлжит бус чуулганы өнгөрсөн пүрэв гариг буюу наймдугаар сарын 29-ний нэгдсэн хуралдаанаар дээрх чиглэлээр саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан юм. Нэг зүйлийг тодруулахад энэхүү санал хураалтын өмнө УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлэлцэж буй төсөл дэх Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийн хангахтай холбоотой заалтууд буюу байгалийн баялагтай холбоотой зохицуулалт, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, улс төрийн намын гишүүнчлэлийн тоог Үндсэн хуулиар зохицуулахтай холбоотой асуудал, мөн шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг жагсаалтын төгсгөлд оруулж, санал хураалт явуулах горимын санал гаргасан. Тиймээс эхний ээлжинд намууд, намуудын бүлэг, зөвлөлөөр зөвшилцөн, санал нэгдсэн асуудлуудаа эхэнд нь оруулж, шуурхай хэлэлцээд явахаар болсон юм.
Дордуулсан долоон өөрчлөлтийг ингэж засна
2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой заалтууд
Нэг. Улсын Их Хурал хууль тогтоох байнгын ажиллагаатай байгууллага байх нөхцөлийг хангах:
27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.
Одоо байгаа нь:
27.2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
Хоёр. Асуудлыг олонхиор шийдэх ардчиллын зарчмыг хангах:
27.6.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар батална.
Одоо байгаа нь:
27.6.Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
27.7.Улсын Их Хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ. Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулна.
Энэ заалтыг шинээр нэмж буй.
Гурав.Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох:
29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна.Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Одоо байгаа нь:
29.1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
Дөрөв.Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлах:
39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
Одоо байгаа нь:
39.1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
Тав.Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох:
22.2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал тарна.
Одоо байгаа нь
22.2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/
22.3.Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс дөчин тав хоногийн дотор, эсхүл Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш гуч хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана.
Энэ заалтыг шинээр нэмж томъёолсон.
22.4.Энэ зүйлийн 2, эсхүл 3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаснаас хойш Улсын Их Хурал арав хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж, жар хоногийн дотор явуулна.Шинэ сонгогдсон гишүүд тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хадгална.
-Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан хоёр заалтыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн. Тиймээс 22.4 дэх хэсгийг нэмэхээр гишүүдийн төсөлд тусгасныг нэгдсэн хуралдаанд оролцсон 62 гишүүний 59 нь буюу 95.2 хувь нь дэмжжээ. 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг засаж, илүү тодорхой болгох үүднээс гишүүд энэ заалтыг төсөлдөө тусгасан байна.
Зургаа.Засгийн газрыг эмхлэн байгуулах:
39.2.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.
Одоо байгаа нь:
39.2.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн, 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Үндсэн Хуулийн Цэцийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр нэмсэн/
39.3.Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.
Одоо байгаа нь:
39.3.Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.