ОХУ-ын Санкт Петербург хотын нийтийн тээврийн автобусны тасалбар түгээгчдэд самбо бөх заахаар болжээ. Уг санаачилгыг хотын зөвлөлийн гишүүн Алексей Цивилев санаачилж, Самбо бөхийн холбоо нь дэмжсэн бөгөөд одоо тасалбар түгээгчид өөрсдөө зөвшөөрчихвөл ажил хэрэг болох юм байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр одоо ажиллаж байгаа кондукторуудыг бие хамгаалах урлагийн сургалтад хамруулах, шинээр ажилд орж байгаа хүмүүст бие хамгаалах чадварыг нэг үзүүлэлт болгож байх зэрэг арга хэмжээ авагдах ажээ.
Автобусны кондукторууд зорчигчдын дайралтад өртөх явдал их гардаг. А.Цивилев автобусны кондуктор зорчигчид зодуулж, эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол өнгөрсөн зургадугаар сард гарсантай холбоотойгоор санаачилгаа гаргасан гэнэ.