Дархан хотын бизнес эрхлэгч 50 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Братск хотноо болох Орос-Монголын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд оролцохоор өнөөдөр хүрэлцэн очжээ. Багийн бүрэлдэхүүнд барилга, анагаах ухаан, аялал жуулчлал, мод боловсруулах, эм үйлдвэрлэл, зөгийн аж ахуй зэрэг салбарын бизнес эрхлэгчид багтсан бөгөөд Братск хотын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзан бизнесээ өргөжүүлэх, хамтын ажиллагаа тогтоох зорилготой яваа аж. Төлөөлөгчдийг Братск хотын дарга Сергей Серебренников хүлээн авч уулзан зорилгоо биелүүлэхэд нь бүх талаар туслана гэжээ. Тэрээр Братскийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Дарханы зах зээлд гаргах, Монголын үйлдвэрлэгчдийн брэндийг Братскийн зах зээлд гаргах чиглэлээр ажил зохион байгуулах боломжтой болохыг онцлон тэмдэглээд, бизнесээс гадна урлаг, спортын арга хэмжээнд төлөөлөгчдөө харилцаж илгээж байх асуудалд одооноос анхаарна гэсэн байна. Ялангуяа боловсрол, аялал жуулчлалын чиглэлд ашигтай саналууд тавих боломжтой гэж С.Серебренников онцолжээ. Үзэсгэлэн худалдаа маргааш эхэлж энэ сарын 6-нд дуусах юм байна.