Титэмт бүсгүйчүүд жилд хэдий хэмжээний орлого олдог вэ? Дэгжин даашинз, хараа булаам үнэт эдлэл гээд зарлага ихтэй хатан хаадын хэтэвчийг шинжье.
1.Хатан хаан 2-р Элизабет (Их Британи)
2017 онд хатан хаан 88 сая еврогийн цалин авч Британийн нийгэмд жинхэнэ шуугиан тарьж байв. Түүнчлэн хааны гэр бүл амьдардаг Букингемийн ордныг сэргээн засварлахад 380 сая евро зарлагаджээ.
Британийн хааны гэр бүлийн олон орд өргөөний урсгал зардал жилдээ 170 сая еврод хүрдэг аж. "Crown Estate" санд төвлөрдөг хөрөнгөөр дээрх зардлыг төлдөг бөгөөд сүүлийн нэг жилд уг санд төлөх иргэдийн татвар 70 центээр нэмэгджээ. Үүний тодорхой хувийг тусгай тэтгэлэг нэрээр хатан хааны цалинд хуваарилна. Английн хатан хаан 450 сая еврогоор үнэлэгдсэн хувийн хөрөнгөтэй. Үүнд хувийн харш, үнэт эдлэл, уран зургийн томоохон цуглуулга багтдаг.
2. Шарлен гүнж ( Монако)

Хунтайж Альберт II жилд 50 сая еврогийн цалин бусад үйл ажиллагаанаас 245 саяыг олдогийн дэргэд гүнжийн цалин хөлс чамлахаар бага гэнэ. Тэгвэл People сэтгүүлийн олж мэдсэнээр Шарлен гүнж гоо сайхан, хувцас хунартаа 45 сая евро зарцуулдаг байна. Гэхдээ гүнж хувцас загвар, сүрчигний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн орлого зэргээсээ 145 саяыг төвөггүй халаасалдаг байна.
3.Хатан хаан Летиция (Испани)

2018 оны баримтаас харвал загварлаг хатан хаан Летиция жилд 133 мянга 530 еврогийн цалин авдаг бол нөхөр Филиппийн орлого 242 мянга 769 евро байна. Тэгвэл эзэн хааны ордны жилийн төсөв 8 сая евро. Энэ дүнгийн бараг тал хувийг боловсон хүчний зардалд зарцуулдаг ажээ. Үргэлж дэгжин цэмцгэр хувцасладаг хатан хаан жилдээ 60 мянган долларыг шүүгээгээ дүүргэхэд зарлагаддаг гэнэ.
4. Хатан хаан Рания (Иордан)

Дорнын бүсгүйчүүдийн бэлгэ тэмдэг болсон Рания өнгөрсөн онд 325 мянган еврог дэлгүүр хэсэхэд зарцуулжээ. Ингэхдээ хатан хаан ойролцоогоор 1700 еврогийн үнэтэй 191 шинэ хувцас худалдаж авсан байна. Түүний нөхөр Йорданы хаан хөлбөмбөгийн баг, архи, зоогийн газрын бизнес, Star Trek хүрээлэнгийн хувьцаа, хөрөнгө оруулалтаас жилд 750 орчим сая долларын ашиг олдог . Мөн Иордан улс нь үндсэн хуульт хаант засаглалтай тул эрх баригчдын бүхий л зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг байна.