Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн мэдүүлсэн найм дахь төслийг парламент өдгөө хэлэлцэж байна. Сонин юм шүү, 1992 онд баталсан анхдугаар шинэ Үндсэн хуулиа наймхан жилийн дараа “гар хүрч” долоон зүйл заалтыг нь өөрчилсөн. Үүнээс хойш өнгөрсөн 19 жилийн хугацаанд гишүүд найман удаа хуулийн төсөл боловсруулсны сүүлийнх нь буюу энэ удаагийнх л парламентын босго давлаа. Ерөөс болохгүй бүтэхгүй байгаагийн эх уурхайг үе үеийн УИХ өөрсдөөсөө бус “эцэг” хууль, тогтолцооноос хайж ийн олон удаа өөрчлөхөөр төсөл боловсруулж байжээ.

Энэ удаагийн парламентын 62 гишүүн зөвшөөрч гарын үсгээ зурж өргөн мэдүүлсэн төслийн голлох зүйл заалтууд хэлэлцүүлгийн явцад өөрчлөгджээ. Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийн хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 16-нд Үндсэн хуулийн 24 зүйлийн 49 заалтыг өөрчлөхөөр оруулж ирснээс үүдэлтэй. 62 гишүүний төсөлд 24 зүйлийн 53 заалтыг өөрчлөхөөр тусгасан байв. Эдгээрийг багцалж 60 заалтыг өөрчлөхөөр тохирч өдгөө хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ өдрүүдэд парламент хийж байгаа юм.

Гэхдээ нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийнх өөрчлөгдөхгүй гэх зарчим харагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэж наанаа ярьж байгаа ч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь төдийлөн ахиц дэвшил харагдсангүй.

-Одоо Ерөнхий сайдыг огцруулах таван шалтгаан бийг хоёр болгож өөрчилжээ. Тодруулбал, гишүүдийн ¼ нь гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан, ингэхдээ дараагийн Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулж ирэхээр зааж өгчээ.

-Парламент Ерөнхий сайдын оруулж ирж хэлэлцүүлэх бодлогуудыг дэмжихгүй байвал “Намайг огцруул” гэж өөрөө саналаа оруулсан тохиолдолд УИХ хэлэлцэх хоёр заалттай байхаар төсөлд өөрчлөлт оруулсан байна.

Ачир дээрээ Ерөнхий сайд хүчтэй, кабинет нь тогтвортой гэж байгаа ч нийт гишүүдийн ¼ гарын үсэг зураад өөрсдийн фракцаас гүйцэтгэх засаглалын тэргүүнээ томилъё гэх тохироо хэвээр байх нь.

Үндсэндээ Засгийн газрын оруулж ирсэн төсвийн мөнгөн дүнг парламент нэмж, хасах эрхгүй болсон л өөрчлөлт байгаа болохоос бусад нь яг хуучин хэвэндээ одоогийнхоороо үлдэх нь. Ачир дээрээ Ерөнхий сайд хүчтэй, кабинет нь тогтвортой гэж байгаа ч нийт гишүүдийн ¼ гарын үсэг зураад өөрсдийн фракцаас гүйцэтгэх засаглалын тэргүүнээ томилъё гэх тохироо хэвээр байх нь.

Ерөнхий сайд давхар дээлтэй мөн кабинетынх нь дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэх заалт төсөлд байсан ч өөрчлөгджээ. Ерөнхий сайд заавал УИХ-ын гишүүн байна харин сайд нар нь дан гаднаас байхаар дэмжигдсэн байна. Ингэхдээ Ерөнхий сайд сайд нараа өөрөө томилно, танхмийн гишүүд нь УИХ-д тангараг өргөнө. Ерөнхий сайдыг УИХ томилсны дараа тэрээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө парламентаар батлуулна. Үүний дараа сайд нараа өөрөө томилох эрхтэй болохоор хуульчлахаар хэлэлцэж байна.

Дараагийн нэг асуудал гишүүдийн тоог нэмэх үү, таван жилээр сонгох уу гэдэгт өнөө хэр шийдлээ олоогүй байх. Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний хуулийн төсөлд 76 гишүүн, дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоно гэж одоогийн мөрдөгдөж байгаа хувилбарыг хэвээр оруулж ирсэн. Харин Ерөнхийлөгч 108 гишүүнтэй, таван жилийн хугацаатай 54 гишүүн нь мажоритар, үлдсэн 54 нь улс нэг тойрог буюу пропорциональ тогтолцоогоор сонгогдохоор төсөлдөө тусгасан. Тооны хувьд нэлээд маргаан дагуулж УИХ дахь МАН-ын бүлэг шөнө дөл хүртэл хуралдсаны дүнд 99 гишүүнтэй байхаар тохирчээ.

Ингэхдээ 76:23 буюу 76 гишүүн нь жижиг мажоритар, 23 нь намын жагсаалтаар сонгогдох хувилбар яригдаж байна. Уг нь пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулбал сонгогчдын санал гээгдэхгүйн дээр гишүүд өөр өөрсдийн тойргоо “усалж”, илүү төсөв төсөвлүүлэх гэж дээгүүр доогуур гүйхгүй улс орны амин чухал хэрэгцээтэй хэсэгт төсөв хуваарилагдаж очих сайн талтай. Гэсэн ч одоогийн сонгогдсон гишүүд дахин сонгогдох магадлалаа нэгдүгээрт эрэмбэлж улс орны эрх ашиг дараагийн дугаарт авч үзсэн байна. Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр ирцээр “бойкотолж” байснаас энэ үйл явц тодорхой харагдаж байсан юм.

Сонгуулийн тогтолцоог яг таг хуульчилж өгнө гэсэн заалт Д.Лүндээжанцан нарын гишүүдийн төсөлд байсан ч дэмжигдсэнгүй. Угаас жижиг мажоритараар хуульчлах нь хэн их мөнгөтэй нь мөнгө тараагаад төрийн түшээ болчих боломж байгаа гэсэн үг. 2016 оны сонгуулийг жижиг мажоритар  тогтолцоогоор явуулсан, сонгогчдын санал гээгдсэн тухайн тойргийнхоо иргэдийн 28 хувийн буюу маш бага санал авсан хүн ч УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод байгаа билээ. Гэхдээ 62-ын бүдүүн бүлэг өнөө хэр сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах эсэхэд тохирч чадахгүй, тойроггүй үлдчих вий гэх болгоомжлол, айдас дунд сул гишүүд нь ирцээр “бойкот” үзүүлсэн байдалтай байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахгүй байх заалттай. Тэгвэл энэ хугацааг нэг жил болгож төсөлд тусгасан байна.

Уг нь пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулбал сонгогчдын санал гээгдэхгүйн дээр гишүүд өөр өөрсдийн тойргоо “усалж”, илүү төсөв төсөвлүүлэх гэж дээгүүр доогуур гүйхгүй улс орны амин чухал хэрэгцээтэй хэсэгт төсөв хуваарилагдаж очих сайн талтай.

Ерөнхийлөгч болоод 62 гишүүний төслийг нэгтгэсэн 60 зүйл заалттай уг төсөлд УИХ-ын гишүүдийн хариуцлага, сахилга батыг нэмэгдүүлэх үүднээс эгүүлэн татах заалт тусгасан ч дэмжигдэх магадлал тун бага байна. УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан тохиолдолд эгүүлэн татахаар тусгасан гэж байгаа ч ямар тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэх вэ гэдэг нь тодорхойгүй, бөөрөнхий, бүрхэг заалтууд их байна.

Хууль батлах босгыг өндөрсгөх, УИХ-ын гишүүн л болсон бол тооцоо судалгаатай, судалгаагүй нь хамаагүй дуртай сэдвээрээ хуулийн төсөл санаачилдаг байдлыг болиулах заалт ч бий аж. УИХ олон ажилд хутгалдаг үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэх шүүмжлэл бий энэ үед уг заалтууд зөв ч эрх мэдлийн тэнцэл, хуваарилалт, төрийн тогтвортой байдалд чухал заалтууд тодорхойгүй хуучин хэвээр үлдэж байна.