МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, тодорхой зөвшилцөлд хүрчээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. "Тэрбээр, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хоёр асуудал хэлэлцэлгүй орхисон юм. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төсөл дахь газрын баялаг, хоёрдугаарт, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй холбоотой санал юм.  Эдгээр асуудлаар намын бүлэг хуралдаж, эцсийн шийдвэрээ гаргалаа. Ингэхдээ “Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч байна” гэж тогтлоо. Ерөнхийлөгчийн зүгээс “нийтийн өмч”, УИХ-ын гишүүд “төрийн өмч” гэж оруулж ирсэн. Ингээд ерөнхийд нь “төрийн, нийтийн өмч” гэж тохирлоо. Шууд нийтийн өмч болговол хэт задгай хэлбэрт хүрнэ гэж үзээд ингэж тогтлоо. Дараагийнх нь шүүхтэй холбоотой заалт. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд шүүхтэй холбоотой есөн заалт, Ерөнхийлөгчийн төсөлд хоёр заалт байсан. Үүнийг нийт томъёоллоор гурван заалт болголоо.Нэгдүгээрт, шүүхийг яаж байгуулах вэ гэдэг асуудал, хоёрдугаарт, ШЕЗ-тэй холбоотой, гуравдугаарт, шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн хариуцлагын зөвлөл гэдгийг байгуулах тухай заалт юм. Бусад заалт буюу шүүгчдийн шаардлага гэх мэтийг 35 хувьдаа хүргэхийн тулд хассан.  ШЕЗ-ийн 10 гишүүнтэй байх бөгөөд тавыг шүүгчид дотроосоо томилно. Үлдсэн таван гишүүн нь нээлттэй. Шүүгчдийн холбоо, эрдэмтэн зэрэг хэн ч байж болох юм” гэлээ.