УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндсэн хуульд оруулах  нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн өргөн барьсан  төслийн зарим заалтын тухай байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Монголын шүүх засаглал нэг хүний хараат байдлаасаа салах хэрэгтэй. Шүүгчдийг нэг хүн томилж, бүрүүлдэг, чөлөөлдөг. Ингэхдээ бүх насаар нь томилж болдог. Энэ тогтолцоо нь үндсэндээ нийгэм, эдийн засгийг гажуудуулсан. Тийм учраас бид нэгдүгээрт, шүүхийг хараат бус болгох ёстой. Хоёрдугаарт, шүүхийг хариуцлагатай болгох ёстой. Шүүх засаглал бол бие даасан бүтэц байх ёстой юм. Тиймээс ч бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энэ асуудлыг тодорхой тусгасан. Өнөөдөр Засгийн газрын тэргүүн тодорхой шийдвэрүүд гаргаж байна. 2017 оноос хойш Монгол Улс, монголчууд  байгалийн баялагтаа эзэн болох ёстой гэдэг үүднээс ажиллаж байгаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, хууль хяналтын байгууллагуудын удридлагыг өөрчлөх зэргээр. Үүнийг цаашид гүнзгийрүүлэхийн тулд шүүх дээр томоохон реформ хийх хэрэгтэй. Тэр утгаараа Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүх засаглалыг бие даасан, хараат байх заалтууд оруулсан боловч, энэ заалтуудыг Ерөнхийлөгчийн санаачилгаар гэдэг нэрийн дор шахалтаар хассан байна. Энэ нь тухайн төслийн 49 дүгээр зүйл буюу Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнтэй байх бөгөөд тавыг нь шүүгчид өөрсдөө, тавыг нь УИХ-аас томилгооны сонсгол оруулж, нээлттэй хэлэлцүүлгээр сонгох тухай дурдсан байсныг хассан. Нэлээн өндөр босготойгоор бүрдүүлэх заалт байсан юм. Мөн шүүгч нарыг томилохдоо ШЕЗ нь дотроосоо даргаа сонгоод, бүх шатны шүүхийг мөн дотроосоо сонгох тухай дурдсан байсан. Тэр шийдвэрийг Ерөнхийлөгч 21 хоногийн дотор томилох тухай байсан. Ерөнхийлөгчийн оролцоог багасгасан хэрэг. Үүнийг нь хассан. Дараагийнх нь шүүгчийг түдгэлзүүлэх байгууллага буюу Шүүхийн хариуцлагын зөвлөл байсан. Энэ нь мөн нээлттэй сонсголоор, өндөр босготойгоор хараат бусаар бүрдүүлэх тухай заасан байсан. Ерөнхийлөгчийн дэргэд бус бие даасан бүрэлдэхүүн байх тухай заасан. Гэвч мөн л хассан. Тийм учраас миний хувьд шүүх засаглалтай холбоотой заалт дээр Ерөнхийлөгчийн төсөлтэй санал нийлэхгүй байна. Шүүхийг хариуцлагатай болгох, шүүхийн шинэчлэл хийх чухал заалтуудыг хассан байна. Органик хуулиараа шүүх засаглалын шинэчлэлийг хийж болно гэдэг асуудлыг сая ярьж байна. Хэрэв тийм бол Үндсэн хуульдаа гар хүрээд яах юм. Шүүх бол Үндсэн хуулийн байгууллага. Ингэхээр шүүхийн реформыг хийхгүй юм бол Үндсэн хуульд  гар хүрээд яах юм” гэлээ.