Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага, мэдээллийг хүлээн авчээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд зургаан хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүн нас баржээ. Тодруулбал, бямба гарагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын нэгдүгээр багийн нутагт улсын дугааргүй Haojie маркийн мотоцикл онхолдож жолооч 57 настай Б нас барсан байна.

Мөн энэ өдөр 19.45 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг тавдугаар гудамж шороон замд Toyota Prius маркийн автомашины жолооч А нь, айлын хашаа мөргөж, хашаан дотор явж байсан найман настай эрэгтэй хүүхдийг мөргөж амь насыг хохироосон хэрэгт  шалгалт явуулж байгаа аж.