Уул уурхайн салбарынхан чуулж, бэрхшээлээ ярихад тээвэр, ложистикийг нэн тэргүүнд дурддаг. Өртөг, аюулгүй байдал, худалдаалах хэмжээ гэх мэт бүхий л талаас нь харахад угаасаа чухал нь энэ. Бас энэ салбарт чамлалттай зүйлсийн нэг нь ч бас тээвэр юм.
Монгол Улс экспортын гол гарц болох Гашуунсухайт чиглэлд төмөр зам тавих талаар олон жил ярьсан. Тэрбүү хэл 280 сая ам.долларыг үүнд шингээгээд буй. Харин долоодугаар сараас эхлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замыг үргэлжлүүлэх чимээ гарсан. Энэ тухай “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт” уулзалт өнгөрсөн амралтын өдөр болсон юм.
Энэ үеэр төмөр замын талаар ямар мэдээлэл өгснийг хүргэе. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил энэ есдүгээр сараас эхлэх бөгөөд 28 сар үргэлжлэх юм байна. Өөрөөр хэлбэл, замын бүтээн байгуулалт 2021 он гэхэд бүрэн дуусах гэнэ. Зам 25 тоннын даац бүхий төмөр зам, 16 гүүр, 126 хоолой тавьж, 8 малын гарц барих юм. Зам хоёр өртөө, таван зөрлөгтэй байх аж. Энэ зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс экспортолж Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайн олборлолт 2-3 дахин нэмэгдэх юм байна. Түүнчлэн дотоодын нүүрсний тээврийн зардал тонн тутамд найман ам.доллар болж буурч, авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал дөрөв дахин буурна гэж тооцоолжээ. Мөн 1900 орчим байнгын ажлын байр бий болж, 25 жилийн хугацаанд нэг тэрбум ам.долларын ноогдол ашиг өгөх гэнэ. Тус уулзалтын үеэр дурдсанаар “Тавантолгойн нүүрсийг уурхайн амнаас 70 ам.доллароор борлуулж байна. Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсээ хил дээрээс борлуулах боломжтой бөгөөд ингэснээр тонн тутмын үнэ 120-150 ам.доллар болж нэмэгдэнэ. Харин БНХАУ-ын төмөр замын компаниудтай тохиролцож Хуанхуа, Тяньжин зэрэг боомт хүртэл тээвэрлэвэл тонн тутмын үнэ 200-250 ам.доллар болж нэмэгдэх боломжтой” гэнэ.
Түүнчлэн "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын хэлснээр "Төмөр зам гацсан шалтгаан нь цариг, хил холболтын цэг, санхүүжилтын асуудал байсан. 2013-2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын 51.8 хувь, газар шорооны ажлын 86.6 хувь, гүүр, хоолойн ажлын 52 хувийг буюу 280 сая ам.долларын ажил хийж гүйцэтгэсэн.Төмөр зам тавих нийт өртөг 1.07 тэрбум ам.доллар бөгөөд одоо 790-830 сая ам.долларын ажил үлдээд байгаа юм. Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д, 34 хувийг “Монголын төмөр зам” ТӨХК-д эзэмшүүлж, барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг нүүрс урьдчилан борлуулах замаар болон бусад эх үүсвэрээс гаргахаар болсон" байна.