Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр хуралдав.

Энэ үеэр Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин “Ажлын хэсгээс гаргасан шийдэл, МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу 68 дугаар тогтоолоор  байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналуудын талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн томьёолж санал хураалгахад бэлэн болгоод байна. Ажлын хэсгийн өмөнх хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг хэрхэн томьёолсон байдлыг хэлэлцэж, цөөн хэдэн асуудлыг дахин ярилцахаар нээлттэй үлдээж, бусад асуудлуудыг үндсэнд нь хэлэлцэж шийдвэрлэсэн. Харин ажлын хэсэг, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдсэн зарим саналууд зөвшилцлийн явцад өөрчлөгдсөн учраас 15 саналыг татан авч байгаа юм. Зөвшилцлийн ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс ирүүлсэн  саналуудыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулан томьёолж авч үзэхэд Үндсэн хуулийн нийт зүйлийн 34.2 хувийг хамаарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн шаардлагад нийцэж байна” гэдгийг хэллээ.

Мөн Ажлын хэсгийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлбал, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэж, мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дугаарыг “3” болгож “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно” гэж өөрчлөхөөр болжээ. Мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна” гэсэн заалтыг нэмэхээр болжээ.

Үүнээс гадна Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэж өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх нь дэмжсэн байна.