МАН-ын бүлэг зөвшилцлийн ажлын хэсгийн саналыг хоёр долоо хоногийн турш хэлэлцсэний эцэст өчигдөр тодорхой байр сууринд хүрлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 76 гишүүнийг 108 болгон нэмэгдүүлэх саналыг 99 болгохоор, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох,  сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналуудыг хүлээн авав. Одоо түүний шүүх засаглалтай холбоотой оруулсан өөрчлөлтүүдийг МАН хүлээгээд авчихвал Ерөнхийлөгч санасандаа хүрнэ.

Шүүх засаглал хараат бус байхыг Ерөнхийлөгч дэмжээгүй

УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгасан зохицуулалтууд буй. Харин энэхүү зохицуулалтыг Ерөнхийлөгч хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслөөс шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр тусгасан зохицуулалтуудыг хасах санал гаргасан. Өөрөөр хэлбэл, гишүүдийн санаачилсан төслөөс 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь заалтуудыг хасах талаар тусгасан. Нэг ёсондоо шүүх засаглалыг хараат бус байхыг Ерөнхийлөгч дэмжээгүй юм.

Ерөнхийлөгчийн саналыг Зөвшилцлийн ажлын хэсэг дэмжив

Түүний дараагаар Зөвшилцлийн ажлын хэсэг Ерөнхийлөгчийн шүүх засаглалтай холбоотой саналыг хүлээн авахаар болсон тухайгаа энэ сарын 8-нд мэдэгдсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтсон.  Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах тухай Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан.

Шүүх засаглалын ирээдүй МАН-ын шийдвэрт...

Ерөнхийлөгчийн шүүх засаглалтай холбоотой саналуудыг хүлээн авсан зөвшилцлийн ажлын хэсгийн саналыг МАН эцэслэн шийдээгүй байгаа тухайгаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлсэн юм. Тэрбээр, “Шүүхтэй холбоотой асуудал дээр 62 гишүүний өргөн барьсан төсөлд шүүхийн хараат бус бие даасан байдалтай холбоотой өөрчлөлтүүдийг өргөн барьсан юм. Ерөнхийлөгчийн зүгээс “Энэ асуудлыг эргэж хараач. Миний бүрэн эрхэд халдсан заалт байна” гэдэг агуулгаар хандсан. Гэхдээ манай намын бүлэг үүнийг шийдээгүй байна. Сая ярьсан асуудал дээр юун түрүүн зөвшилцөнө. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан шүүх засаглалтай холбоотой заалтуудыг хасаагүй” гэсэн юм. Ингэхээр шүүх засаглал дахь эрх мэдлээ алдахгүй байх Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлэх хийгээд шүүх засаглалын хараат, бие даасан, хариуцлагатай, “эрүүл” байх ирээдүй МАН-ын шийдвэрээс шалтгаалах юм. Харин зөвшилцлийн ажлын хэсгийн “Ерөнхийлөгчийн шүүх засаглалтай холбоотой саналыг хүлээн авсан” шийдвэрийг МАН-ын бүлэг дэмжвэл шүүх засаглал өнөөгийн энэ хараат байдалдаа дахин 20, 30 жил буюу Үндсэн хуульд дахин “гар хүрэх” хүртэл байх юм.