Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцжээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 137 сургууль, 231 цэцэрлэг боловсролын үйлчилгээ үзүүлж байна.Цаашид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, байгууллагын зохион байгуулалтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах ажлын арга барилаас харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэхэд байгууллагын удирдах ажилтныг сэлгэн ажиллуулах хэрэгцээ шаардлага байна. Сэлгэн ажиллуулсаны үр дүнд боловсролын байгууллагын удирдлагууд хоорондоо ажлын арга барилаасаа харилцан суралцана. Байгууллагын хариуцлага, хяналтын тогтолцоо сайжирна. Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй гэж үзэж байна” гэжээ. Зөвлөлийн гишүүд төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Түүнчлэн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцжээ. Уг журам нь “Сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аж. Журмыг хэрэгжүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжжээ. Гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна.