Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд...

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК энэ оны эхний хагас жилийн тайлангаа гаргажээ. Хөрөнгийн зах зээлийн өсөлт үргэлжилсээр байна. Хоёр жилийн өмнө буюу 2017 оны эхэнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 1.4 их наяд төгрөг байсан бол тус оны арван нэгдүгээр сарын сүүлчээр 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд  70 хувийн өсөлт үзүүлсэн байдаг. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.83 хувиар өсөж, 2.6 их наяд төгрөгт хүрчээ. Ингэхээр яах аргагүй хөрөнгийн зах зээлийн хөгжлийн зам нь хөвөрч байгаа юм. Энэ оны эхний улиралд хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд ямар үйл явдал өрнөсөн тухай уг тайлангаас тоймлон хүргэе.

42.5 тэрбум төгрөг олон нийтээс татан төвлөрүүлжээ

Монголын хөрөнгийн биржид шинээр үнэт цаас бүртгүүлэхээр 3 компани хүсэлтээ ирүүлж, 4 компанийн 960.6 сая ширхэг үнэт цаасыг шинээр бүртгэж, 42.5 тэрбум төгрөгийг олон нийтээс амжилттай татан төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй гурав дахин өссөн үзүүлэлт болжээ.

79.8 мянган ширхэг үнэт цаас арилжсан байна

Хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 376.9 сая ширхэг хувьцааг 82.3 тэрбум төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 79.8 мянган ширхэг үнэт цаасыг 7.9 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 90.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийсэн байна. Энэхүү арилжааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 тэрбум төгрөгөөр буюу 16.1 хувиар өссөн байна. Нийт арилжааны үнийн дүнгийн 91.24% буюу 82.3 тэрбум төгрөгийг хувьцааны арилжаа, 8.76% буюу 7.9 тэрбум төгрөгийг ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа эзэлж байгаа аж.

22 компанийг бүртгэлээс хасав

Бүртгэлтэй компаниудын үүргийн хэрэгжилтийг хангуулах үүднээс хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, арилжаа нь зогссон 22 компанийг бүртгэлээс хассан байна.

274.9 сая төгрөгийн татвар төлөв

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь эхний хагас жилд Улсын төсөвт нийт 274.9 сая төгрөгийн татвар, шимтгэлийг төлсөн нь өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)